Wednesday, February 20, 2013

Хувийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд 70-325 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

Нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн болон хувийн эмнэлэгүүдтэй гэрээ байгуулж, эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр хүргэдэг. Энэ дагуу тус газраас шинэ оны гэрээгээ эрүүл мэндийн байгууллагуудтай хийсэн байна. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын Хэлтсийн дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа. -Энэ жил хэчнээн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулсан бэ? -Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд улсын чанартай тусламж үйлчилгээ үзүүлж байгаа, тоног төхөөрөмж мэргэжлийн чадварын хувьд өндөр төвшинд хүрэх хувийн хэвшлийн эмнэлгүүдээр эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг үзүүлнэ гэсэн заалт байдаг. Уг хуулийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй даатгалын гэрээ байгуулан ажилладаг. Өнгөрсөн оны байдлаар 123 хувийн хэвшлийн эмнэлэгүүдтэй даатгалын гэрээ байгуулан ажиллаж байсан. Харин энэ жилийн хувьд 150 орчим хувийн эмнэлгүүдтэй эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан. Улсын хэмжээнд бүх аймаг, дүүргийн хамтран ажиллах эмнэлгүүдтэйгээ даатгалын гэрээгээ өнгөрсөн нэгдүгээр сард багтаан байгуулж дууссан. -Даатгалын хөнгөлөлтөд хамрагдахын тулд даатгуулагч ямар үүрэг хүлээх вэ? -Хэрэв даатгуулагч шимтгэлээ төлж, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол уг даатгалын гэрээ улсын болон бүхий хувийн хэвшлийн эмнэлгүүдээр эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ авах бүрэн эрхтэй гэсэн үг. -Даатгуулагчийн нэг жилд төлөх шимтгэл нь өссөн үү? -Нийт даатгуулагчид ногдох хувьсах зардлын хэмжээг Иргэний эрүүл мэндийн тухай хуульд зааснаар Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд хамтран баталдаг. Уг хуулийн дагуу өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нээс эхлээд нийт даатгуулагчид ногдох хувьсах зардлын хэмжээ 20-40 хувиар нэмсэн байгаа. -Даатгуулагч нэг жилд хэдэн удаа даатгалын хөнгөлөлт авах боломжтой байдаг юм бэ? -Тухайн даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд даатгалын найман нэр төрлийн үйлчилгээнээс ямар ч үйлчилгээг нь тухайн жилдээ хэдэн ч удаа авах боломжтой байдаг. Ер нь даатгалаас санхүүжих зардлын дээд хэмжээг эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл баталдаг. Одоогоор сая гурван зуун хорин найман мянган төгрөгийн төлбөр үйлчилгээг даатгуулагч маань үндсэндээ даатгалын сангаас төлүүлэх эрхтэй байгаа. -Хувийн болон улсын эмнэлгүүдийн даатгалын хөнгөлөлтийн хэмжээ адил хэмжээтэй байдаг юм уу? -Даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ нь хувийн хэвшлийн эмнэлгүүд улсын эмнэлгүүдээс 50 хувиар бага байдаг. Ер нь төлбөр хийх тал дээр бүх эмнэлгүүд адилхан байдаг. Тодруулбал, тухайн иргэний өвчний оношийн хамааралтай 150 бүлгээр 2500 гаруй өвчнийг эмчлэхтэй холбоотой тусламж үйлчилгээг даатгалын сан төлдөг юм. -Хувийн эмнэлгүүдээс ямар чиглэлийн эмчилгээ, үйлчилгээ авсан тохиолдолд даатгалын хөнгөлөлт эдлэх вэ? -Хувийн хэвшлийн эмнэлгүүдээс даатгуулагч тусламж үйлчилгээ авах гурван чиглэл байдаг. Тодруулбал, хэвтүүлэн эмчлүүлэх, нөхөн сэргээх, уламжлалын гэсэн гурван чиглэлээр даатгалд хамрагдаж байгаа. Хэрэв даатгуулагч нөхөн сэргээх чиглэлээр эмчлүүлэх бол 74 мянган төгрөг, уламжлалтаар 90 мянган төгрөг, хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд 70-325 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой Өөрөөр хэлбэл, даатгуулагч тухайн эмнэлгийн баталсан үнээс даатгалын сангаас төлөх хэмжээгээр хасалт хийж, үлдсэн төлбөрийг өөрөө төлнө гэж ойлгож болно. -Даатгалын хөнгөлөлт үзүүлэх ямар эмнэлгүүд байгаа талаархи мэдээллийг иргэд хаанаас авах вэ? -Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn гэсэн сайтнаас бүх хөнгөлөлттэй үйлчлэх эмнэлэг, эмийн сангийн талаархи мэдээллийг авч болно. Дашрамд дурьдахад, даатгалын гэрээ байгуулах сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн яам, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд хийдэг. Уг сонгон шалгаруулалтад нийцсэн, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудтай Нийгмийн даатгалын байгууллага Эрүүл мэндийн сайдын шийдвэрийг үндэслэн гэрээгээ хийдэг. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд өөрөө гэрээ байгууллах шийдвэрийг гаргадаг гэж ойлгож болно. -Танай байгууллагатай гэрээтэй эмнэлэг даатгалын хөнгөлөлтийг иргэдэд үзүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ? -Нийгмийн даатгалын байгууллага харилцагч эмнэлгүүдтэйгээ жил бүр даатгалын гэрээ байгуулдаг. Уг гэрээндээ маш тодорхой нөхцлүүдийг заасан байдаг. Энэ жилийн хувьд нэмэлтээр даатгуулагч руу чиглэсэн нөхцлүүдийг оруулсан байгаа. Тухайлбал, хувийн хэвшлийн байгууллагууд эрүүл мэндийн даатгалаас тогтоосон хэмжээгээр даатгуулагчид ямар нэгэн хөнгөлөлт үзүүлээгүй буюу давхар төлбөр авсан тохиолдолд даатгалын гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болсон байгаа. -Нийгмийн даатгалын сантай хамтарч ажилладаг хувийн эмнэлгүүдэд иргэд хангалттай үйлчлүүлж чаддаг уу? -Жил бүр өндөр гүйцэтгэл гардаг. Тухайлбал, энэ жил гэхэд л 150 эмнэлэгт 20 орчим тэрбум төгрөг даатгалын сангаас төлнө.

Thursday, February 14, 2013

Сэрэмжлүүлэг

Эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг бүр үр хөндөлт хийх эрхтэй биш байдаг. Хэрэв биений юм ирэх хугацаанаас 7 хоног хэтэрвэл та жирэмсэн болсон эсэхээ заавал тодруулаарай. Үүнд: · Шээсэнд сорил тавих · Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх · Чанд авиан шинжилгээ хийлгэх /Эхография/ Жирэмснээ эрт илрүүлснээр хүүхдээ тээж төрүүлэх эсэхээ шийдэх боломжтой болно. Үр хөндүүлэхдээ: · Жирэмсний эрт хугацаанд үр хөндүүлэх · Үр хөндөлтийг аюулгүй хийх эмнэлгийг сонгох · Үр хөндөлтийн хүндрэлийн шинжүүд илэрвэл эмчид яаралтай хандах · Үр хөндүүлсний дараа жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийг заавал хэрэглэх Үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх · Жирэмслэхээс хамгаалах хэрэгслийг хэрэглэж занших · Бэлгийн хавьтагчтайгаа илэн далангүй харьцаж бие биенийгээ ойлгох. Аюултай үр хөндөлт Үр хөндөлт хийх хугацаа хэтэрсэн /12 долоо хоногоос дээш/ эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангаагүй, үр хөндөлт хийх зөвшөөрөлгүй эмнэлэгт эсвэл зориулалтын бус газар, мэргэжлийн бус хүн жирэмснийг таслах ажилбар хийхийг аюултай үр хөндөлт гэнэ. Аюултай үр хөндөлтийн улмаас эмэгтэйн эрүүл мэнд ,амь насанд аюул учрах нь элбэг байдаг. Сүүлийн үед үр зулбуулах баталгаагүй эмийг худалдааны захаас худалдан авч эмчийн хяналтгүйгээр хэрэглэн, үр зулбуулах эмийн болон бүрэн бус зулбаснаас дагалдан гарах хүндрэлүүдийн улмаас амь насаа алдах тохилдлууд гарсаар байна. Аюултай үр хөндөлтийн арга замыг сонгож буй эмэгтэйчүүд нь ихэвчлэн гэр бүл, ойр дотныхноосоо нууж цаг алдан, хэт хүндэрсэн хойноо эмнэлэгт ханддаг гашуун түүх тохиолдсоор байна. Дараах цөөн тохиолдлуудыг сэрэмжлүүлэх үүднээс толилуулж байна. Тохиолдол 1. Эмэгтэй “Н” 31 настай, хувиараа бизнес эрхэлдэг. Хувийн эмнэлгээс “Зулбуулдаг эм”-ийг авч уусан. Үр зулбасны дараа тархины судасны цүлхэн эмний нөлөөгөөр хагарч, ухаангүй эмнэлэгт хүргэгдэн насбарсан. Тохиолдол 2. Эмэгтэй “Г” 28 настай. Захаас үр зулбуулдаг эм худалдан авч уусан. Үр бүрэн зулбаагүй, эхэс үлдэн эмнэлэгт хандаагүй олон хоносоноос халдварлагдан маш хүнд байдалтай эмнэлэгт ирж, мэс засал хийсэн боловч хэт хүндэрсэн, хэт оройтож тусламж авсан тул нас барсан. Тохиолдол 3. Эмэгтэй “Б” 34 настай. 4 сартай жирэмснийг эмнэлгийн бус нөхцөлд таслах оролдлого хийлгэсний улмаас халдварлагдан, хүндэрч нас барсан. Жирэмсний хугацаа томорсон байх тусмаа эрүүл мэнд амь нас хохирох аюултай. Үр хөндүүлсний дараа: 1. Их хэмжээний цус алдах эсвэл бага хэмжээгээр удаан хугацаагаар цус гарах 2. Хэвлийн доогуур хүчтэй өвдөх 3. Халуурах 4. Бие сульдах, 5. Дотор муухайрч, ухаан балартах зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай. Жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн аргыг өөрийн эмчтэйгээ харилцан ярилцаж, оновчтой аргыг сонгон хэрэглэснээр үр хөндөлтөөс найдвартай хамгаална. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс

Monday, February 11, 2013

Эмэгтэй та

   30,33,36,39,42,45,48,51,54,67,60 настай, 1953,1956,1959,1962,1965,1968,1971,1974,1977,1980,1983 онд төрсөн бол "Умайн хүзүү, хөхний өмөн"-г эрт илрүүлэх үзлэг шинжилгээг Өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж үнэ төлбөргүй өгнө үү!

Saturday, February 9, 2013

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд иргэд юу хийвэл зохих вэ?


- Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессийг зохицуулах,
- Шингэн хангалттай уух, эрүүл, аюулгүй, илчлэг, шаардлага хангасан  хоол хүнс хэрэглэх.
- Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэж занших.
- Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоорой хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй байх.
- Гэр, сууц, анги танхим, ажлын байр орчныг тогтмол агааржуулж, дулаан /18-22 хэм / байлгах.
- Нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.
- Даарахгүй байх, цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах,
- Хүүхдийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, улиралын томуугийн вакцинд хамрагдах.
- Цэгэн иллэг хийх, дархлаа дэмжих амин дэм, жимс, ногоо, бэлдмэл хэрэглэх. 
- Гадуур сэлгүүцэхгүй, айл хэсэхгүй, ханиад томуутай хүнээс хол байх.
- Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх
- Тамхи, архи, мансууруулах, дархлаа дарангуйлах эм бодис хэрэглэхгүй байх.
- Хэрвээ томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн төвдөө / өрх, сумын эмнэлэгт/ мэдэгдэж, эмч дуудаж үзүүлэх.
- Ханиад томуутай бол ажил, сургууль, цэцэрлэг болон гадуур явахгүй, гэртээ байж, хэвтрийн дэглэм сахих, өвчтэй байгаагаа ойр дотны хүмүүстээ хэлэх.
- Томуу, томуу төст өвчний улмаас гэрээр эмчлүүлэх үедээ дээрх зөвлөгөөг үргэлжлүүлэн мөрдөх.
- Дараах цахим хуудаснуудад хандаж мэдээлэл авч болно: Үүнд www.flu.mn;www.nccd.gov.mnwww.moh.mnwww.eruulmendinfo.mnwww.emch.mn;www.who.int;
- Томуу, томуу төст өвчний үед та хаанаас тусламж авч болох вэ? Сум, өрх, багийн эмч, эмнэлэгт хандах. Отроор яваа буюу явуул хүн бол аль ойр байгаа эмч, эмнэлэгт хандах.
Лавлах утас:
-       Халдварт өвчний лавлах 100,
Улаанбаатар хот дүүргийн яаралтай түргэн тусламж 103,
ХӨСҮТөвийн ЭСХАХ-ний Тандалтын нэгж 455388,
Нийслэлийн Эрүүл мэндийн газар