Wednesday, February 20, 2013
Хувийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд 70-325 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ
Нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн болон хувийн эмнэлэгүүдтэй гэрээ байгуулж, эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр хүргэдэг. Энэ дагуу тус газраас шинэ оны гэрээгээ эрүүл мэндийн байгууллагуудтай хийсэн байна. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын Хэлтсийн дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.
-Энэ жил хэчнээн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулсан бэ?
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд улсын чанартай тусламж үйлчилгээ үзүүлж байгаа, тоног төхөөрөмж мэргэжлийн чадварын хувьд өндөр төвшинд хүрэх хувийн хэвшлийн эмнэлгүүдээр эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг үзүүлнэ гэсэн заалт байдаг.
Уг хуулийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй даатгалын гэрээ байгуулан ажилладаг. Өнгөрсөн оны байдлаар 123 хувийн хэвшлийн эмнэлэгүүдтэй даатгалын гэрээ байгуулан ажиллаж байсан. Харин энэ жилийн хувьд 150 орчим хувийн эмнэлгүүдтэй эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан. Улсын хэмжээнд бүх аймаг, дүүргийн хамтран ажиллах эмнэлгүүдтэйгээ даатгалын гэрээгээ өнгөрсөн нэгдүгээр сард багтаан байгуулж дууссан.
-Даатгалын хөнгөлөлтөд хамрагдахын тулд даатгуулагч ямар үүрэг хүлээх вэ?
-Хэрэв даатгуулагч шимтгэлээ төлж, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол уг даатгалын гэрээ улсын болон бүхий хувийн хэвшлийн эмнэлгүүдээр эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ авах бүрэн эрхтэй гэсэн үг.
-Даатгуулагчийн нэг жилд төлөх шимтгэл нь өссөн үү?
-Нийт даатгуулагчид ногдох хувьсах зардлын хэмжээг Иргэний эрүүл мэндийн тухай хуульд зааснаар Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд хамтран баталдаг. Уг хуулийн дагуу өнгөрсөн оны гуравдугаар сарын 1-нээс эхлээд нийт даатгуулагчид ногдох хувьсах зардлын хэмжээ 20-40 хувиар нэмсэн байгаа.
-Даатгуулагч нэг жилд хэдэн удаа даатгалын хөнгөлөлт авах боломжтой байдаг юм бэ?
-Тухайн даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд даатгалын найман нэр төрлийн үйлчилгээнээс ямар ч үйлчилгээг нь тухайн жилдээ хэдэн ч удаа авах боломжтой байдаг.
Ер нь даатгалаас санхүүжих зардлын дээд хэмжээг эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл баталдаг. Одоогоор сая гурван зуун хорин найман мянган төгрөгийн төлбөр үйлчилгээг даатгуулагч маань үндсэндээ даатгалын сангаас төлүүлэх эрхтэй байгаа.
-Хувийн болон улсын эмнэлгүүдийн даатгалын хөнгөлөлтийн хэмжээ адил хэмжээтэй байдаг юм уу?
-Даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ нь хувийн хэвшлийн эмнэлгүүд улсын эмнэлгүүдээс 50 хувиар бага байдаг. Ер нь төлбөр хийх тал дээр бүх эмнэлгүүд адилхан байдаг. Тодруулбал, тухайн иргэний өвчний оношийн хамааралтай 150 бүлгээр 2500 гаруй өвчнийг эмчлэхтэй холбоотой тусламж үйлчилгээг даатгалын сан төлдөг юм.
-Хувийн эмнэлгүүдээс ямар чиглэлийн эмчилгээ, үйлчилгээ авсан тохиолдолд даатгалын хөнгөлөлт эдлэх вэ?
-Хувийн хэвшлийн эмнэлгүүдээс даатгуулагч тусламж үйлчилгээ авах гурван чиглэл байдаг. Тодруулбал, хэвтүүлэн эмчлүүлэх, нөхөн сэргээх, уламжлалын гэсэн гурван чиглэлээр даатгалд хамрагдаж байгаа.
Хэрэв даатгуулагч нөхөн сэргээх чиглэлээр эмчлүүлэх бол 74 мянган төгрөг, уламжлалтаар 90 мянган төгрөг, хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд 70-325 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой Өөрөөр хэлбэл, даатгуулагч тухайн эмнэлгийн баталсан үнээс даатгалын сангаас төлөх хэмжээгээр хасалт хийж, үлдсэн төлбөрийг өөрөө төлнө гэж ойлгож болно.
-Даатгалын хөнгөлөлт үзүүлэх ямар эмнэлгүүд байгаа талаархи мэдээллийг иргэд хаанаас авах вэ?
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn гэсэн сайтнаас бүх хөнгөлөлттэй үйлчлэх эмнэлэг, эмийн сангийн талаархи мэдээллийг авч болно. Дашрамд дурьдахад, даатгалын гэрээ байгуулах сонгон шалгаруулалтыг Эрүүл мэндийн яам, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрууд хийдэг.
Уг сонгон шалгаруулалтад нийцсэн, магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудтай Нийгмийн даатгалын байгууллага Эрүүл мэндийн сайдын шийдвэрийг үндэслэн гэрээгээ хийдэг. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд өөрөө гэрээ байгууллах шийдвэрийг гаргадаг гэж ойлгож болно.
-Танай байгууллагатай гэрээтэй эмнэлэг даатгалын хөнгөлөлтийг иргэдэд үзүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Нийгмийн даатгалын байгууллага харилцагч эмнэлгүүдтэйгээ жил бүр даатгалын гэрээ байгуулдаг. Уг гэрээндээ маш тодорхой нөхцлүүдийг заасан байдаг. Энэ жилийн хувьд нэмэлтээр даатгуулагч руу чиглэсэн нөхцлүүдийг оруулсан байгаа.
Тухайлбал, хувийн хэвшлийн байгууллагууд эрүүл мэндийн даатгалаас тогтоосон хэмжээгээр даатгуулагчид ямар нэгэн хөнгөлөлт үзүүлээгүй буюу давхар төлбөр авсан тохиолдолд даатгалын гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болсон байгаа.
-Нийгмийн даатгалын сантай хамтарч ажилладаг хувийн эмнэлгүүдэд иргэд хангалттай үйлчлүүлж чаддаг уу?
-Жил бүр өндөр гүйцэтгэл гардаг. Тухайлбал, энэ жил гэхэд л 150 эмнэлэгт 20 орчим тэрбум төгрөг даатгалын сангаас төлнө.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment