Wednesday, September 28, 2011

Хөхүүл эхийн хооллолт

Хооллолт

Хөхүүл эхчүүдийн хооллолт нь эхийн өөрийнх нь төдийгүй хүүхдийнх нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой болохоор онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хүнсэндээ жимс, ногоо, шинэ ногоо, жимсний шүүс оруулж, өдрийн хоолны дэглэмээ сайн сахих тал дээр анхаарах хэрэгтэй. хэрэгтэй. Хөхүүл эх өдөртөө бага багаар олон удаа хооллох нь хамгийн зохистой.

Шингэц сайтай, хурц биш хоол, хүнсний бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой. Мөн шарсан хуурсан хоолноос зайлсхийж чанасан, жигнэсэн зүйлийг дээрд үзэх нь зүйтэй.

Хоногт дунджаар 180-200 грамм мах, 50 грамм цөцгийн тос, 1 өндөг, 800 грамм хүнсний ногоо, жимс, 400-500 грамм хивэгний болон бор гурилын талх хүнсэндээ хэрэглэж байгаа үед хөхүүл эхийн хооллолтыг бүрэн дүүрэн гэж үздэг.

Хөхүүл эхчүүд ясны эдийн, ялангуяа шүдний кальцийн нөөцийг бууруулж улмаар пародонтит үүсгэх, үс, хумсыг хэврэг, хугарамтгай болгох зэрэг таагүй байдалд орох нь бий. Иймд кальциар баялаг бяслаг /монгол бяслаг/, загас, аарц, бууцай зэрэг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх шаардлагатай. Сүү болон сүүн бүтээгдэхүүнийг хэт ихээр /хоногт 0,5 литрээс дээш/ хэрэглэвэл хүүхдийг үхрийн сүүний уурагт харшилтай болгож мэднэ гэдэг ч энэ нь гол төлөв европ зүгийнхэнд ажиглагддаг зүйл.

Эм, эмийн бэлдмэл

Хүүхдээ хөхөөр хооллох үед хэрэглэдэг эм, эмийн бэлдмэлийн талаар зарим зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэй. Барбитурат, бромид, йодид, зэсийн агуулгатай эм, салицилаты, антибиотикууд, бамбайн булчирхайн шүүрлийн эсрэг бэлдмэлүүд, хавдрын эсрэг эм зэрэг нь эхийн сүүгээр дамжин хүүхдийн бие махбодод сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг мартаж болохгүй.

Иймд эм, бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авч, зайлшгүй уух шаардлагатай үед түр хугацаагаар хүүхдээ угжаар хооллосон нь зөв. Энэ үедээ хөхөө саахаа зогсоож болохгүй. Улмаар эмчилгээ дуусмагц эргээд хөхөөр хооллохоо үргэлжлүүлж болно.

Хөх сүүгүй болох

Төрсний дараа хөх сүүгүй болохыг анагаах ухаанд гипогалактик гэдэг. Энэ нь гол төлөв амьдралын таагүй нөхцөл байдалтай холбоотой байдаг ч хэвийн нөхцөлд ч үүсэх нь цөөнгүй. Сүү ялгаралт буюу лактацийг сайжруулах олон арга байдаг ч тухайн хүний онцлогоос хамаараад үйлчилгээ нь янз бүр байдаг. Тэгэхээр бүх эхчүүдэд тохирох универсал арга гэж байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Янз бүрийн өвс ханд, цайнууд сайн байдаг. Мөн хушигны сүү, ногоон цай сайн үр нөлөөтэй байдаг. Мөн самрын сүү, ногоон цай ашигтай. Хушигны бэлдэх тун энгийн бөгөөд нунтаглаж жижиглэсэн хушиган дээр сүү хийж хэсэг хугацаанд хандлаад хөхүүлэхээсээ 20 минутын өмнө ууна.

Энд мөн нойр чухал үүрэгтэй болохоор хоногт 8-9 цагаас багагүй унтах, биеийн хүчний хүнд ажил хийхгүй байх, цэвэр агаарт салхилж байх хэрэгтэй. Үүнээс гадна хөхийг кварцын гэрлээр шарах, хэт өндөр авиагаар өдөөх, А, Е витамин, никотин бол глютаминий хүчлүүд, шар айрагны хуурай дрожны гидролизат өгөх зэрэг олон эмчилгээ байдаг. Гэхдээ тухай бүрт өрхийн эмч, хүүхдийн эмчтэйгээ зөвлөж байх хэрэгтэй.

Эм өөрөө эм мөн үү?

Эм гэхээр эмчилж эдгэрүүлдэг гэсэн бодол магадгүй таны ухаанд буудаг байх. Уг нь эмийг өвчинг эмчилж эдгэрүүлэхэд хэрэглэдэг нь үнэн л дээ. Нэг талаар тийм боловч зарим үед эм бол хор болдог гэдгийг ихэнх хүмүүс ойлгодоггүй. Үүнийг ойлгоход тийм ч хэцүү биш. Гагцхүү ямар үед эм болдог, ямар тохиолдолд хор болдог вэ гэдгийг ойлгох нь чухал. Эмийг хэзээ, хэрхэн хэрэглэх вэ гэхээр, бие мах бод ямар нэг шалтгааны улмаас өвчлөх буюу хямрахад, яг тэрхүү эмгэг үйл явцын эсрэг үйлдэл үзүүлж чадах, гагцхүү эмчийн зааврын дагуу шинжлэх ухаанаар нотлогдсон буюу ардын уламжлалаар батлагдсан эм бэлдмэлийг тохирсон тун хэмжээтэйгээр зөв аргаар хэрэглэх явдал юм. Харин тэрхүү эм бэлдмэлийг эрүүл хүн хэрэглэх юм уу, аль эсвэл эм нь уг эмгэгийг эсрэг үйлдэл үзүүлж чадахгүй байх, мөн зөв эм сонгосон хэрнээ тун хэмжээг нь хэтрүүлэх зэрэг тохиолдолд эм бол хор болдог. Учир юу гэвэл, эм нь бие махбодын хэвийн явагдаж байсан үйл явцыг нэг талруу нь туйлшруулан гажуудуулах, уг өвчинд тохироогүй бол эерэг үйлдэл үзүүлэхгүйгээр зогсохгүй эрүүл хэсгийг нь гажуудуулж болно гэсэн үг. Бие махбодын хэвийн үйл явц алдагдана гэдэг маань өөрөө өвчин үүсгэнэ. Нэг ёсондоо эмийн зохисгүй хэрэглээ нь эмээс шалтгаалсан хоёрдогч өвчний суурийг тавьж өгдөг. Үүнд хамгийн түрүүн өртөх эрхтэн тогтолцоо нь хоол боловсруул эрхтэн тогтолцоо юм. Тухайлбал хүмүүсийн дунд толгойны эм гэгддэг аспирин, аналгин гэх мэтийн стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүдийн замбараагүй хэрэглээ нь ходоодыг цочроон үрэвсүүлж, цаашлаад ходоодны шарх үүсгэж, хоол боловсруулалт алдагддаг. Мөн зохисгүй хэрэглсэн эмийн нөлөөнд бие махбодод бодисын солилцооны явцад үүссэн хортой бүтээгдэхүүнүүдийг саармагжуулж байдаг элэг хамгийн ихээр өртөнө. Энэ нь элэгний хатуурал үүсэх явцыг дэмжиж өгдөг. Үүнээс болоод бодисын солилцоо бүхэлдээ хямарна. Гэх мэтээр тоочоод байвал зохисгүй хэрэглэсэн эм бүх л эрхтэн тогтолцоонд муугаар нөлөөлж болно.

Тэгэхээр “Энэ эм нь ийм өвчинд сайн байдаг гэнэ” гээд л өөрийн дураар хэрэглээд байж болохгүй нь. “Хүүхдийн толгой өвдчихөж, нэг пара уулгачих” гэх үг наад захын хүний амнаас гарах болж. Магадгүй та хүүдээ цай ундыг нь өгөөгүйгээс болсон бол цайгаа уугаад л толгой өвдөх нь намдчих байлаа шүү дээ.

Сүүлийн жилүүдэд манай улсад “сүлжээний” гэгдэх эм, бэлдмэлүүд газар авах болжээ. Хоёр жилийн өмнө нэгэн найз маань намайг эрүүл мэндийн тухай лекцэнд сууя гэхээр нь хамт очлоо. Жижгэвтэр өрөөнд 30-аад хүн цуглаж. Өөрийгөө их эмчийн мэргэжилтэй гэж танилцуулсан нэг эгч хүний биед ямар учраас яагаад өвчин үүсдэг гэдгийг магтмаар сайхан ярьж байна. Үүнийхээ дараа харин өөрийн сүлжээний бүтээгдэхүүнүүдээ сурталчилж өгдөг байгаа. Эмнүүдээ эрхтэн тогтолцооных нь өвчний эсрэг нэрээр нэрлэчихсэн, “Ийм үед тийм бэлдмэлийг нь уу. Манай энэ эм дэлхийд алдартай, ийм өвчинд сайн гэдгийг нь бүүр баталчихсан юм” гэж ирээд л тархийг бол угааж өгсөн дөө. Түүнийг нь баталсан бичиг баримт нь хаана ч байгаа юм бүү мэд. Зарим нэг нь үнэхээр сайн л байдаг байх. Гэхдээ тэгж туйлширч арай болохгүй юм шиг санагдсан. Эцэст нь элсэлт аваад л өндөрлөсөн дөө. Сүлжээний бизнес байсан юмсанж. Хэн ч юу ч гэж хэлж болно. Хүн аливаа зүйлд итгэх итгэхгүй нь өөрөөс нь хамаарах учир би анагаахын сургуулийн оюутны хувьд итгээгүй учраас сүлжээнд нь элсээгүй. Ам дамжсан, тархи угаасан яриагаар өөрөө өөрийгөө эмчлэнэ гэдэг сайн зүйл биш ээ.

Дээр дурьдсан бүгдээс дүгнээд та эрх биш нэгийг ойлгосон гэдэгт итгэе. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье!

Ц. Эрдэнэ-Очир