Эм гэхээр эмчилж эдгэрүүлдэг гэсэн бодол магадгүй таны ухаанд буудаг байх. Уг нь эмийг өвчинг эмчилж эдгэрүүлэхэд хэрэглэдэг нь үнэн л дээ. Нэг талаар тийм боловч зарим үед эм бол хор болдог гэдгийг ихэнх хүмүүс ойлгодоггүй. Үүнийг ойлгоход тийм ч хэцүү биш. Гагцхүү ямар үед эм болдог, ямар тохиолдолд хор болдог вэ гэдгийг ойлгох нь чухал. Эмийг хэзээ, хэрхэн хэрэглэх вэ гэхээр, бие мах бод ямар нэг шалтгааны улмаас өвчлөх буюу хямрахад, яг тэрхүү эмгэг үйл явцын эсрэг үйлдэл үзүүлж чадах, гагцхүү эмчийн зааврын дагуу шинжлэх ухаанаар нотлогдсон буюу ардын уламжлалаар батлагдсан эм бэлдмэлийг тохирсон тун хэмжээтэйгээр зөв аргаар хэрэглэх явдал юм. Харин тэрхүү эм бэлдмэлийг эрүүл хүн хэрэглэх юм уу, аль эсвэл эм нь уг эмгэгийг эсрэг үйлдэл үзүүлж чадахгүй байх, мөн зөв эм сонгосон хэрнээ тун хэмжээг нь хэтрүүлэх зэрэг тохиолдолд эм бол хор болдог. Учир юу гэвэл, эм нь бие махбодын хэвийн явагдаж байсан үйл явцыг нэг талруу нь туйлшруулан гажуудуулах, уг өвчинд тохироогүй бол эерэг үйлдэл үзүүлэхгүйгээр зогсохгүй эрүүл хэсгийг нь гажуудуулж болно гэсэн үг. Бие махбодын хэвийн үйл явц алдагдана гэдэг маань өөрөө өвчин үүсгэнэ. Нэг ёсондоо эмийн зохисгүй хэрэглээ нь эмээс шалтгаалсан хоёрдогч өвчний суурийг тавьж өгдөг. Үүнд хамгийн түрүүн өртөх эрхтэн тогтолцоо нь хоол боловсруул эрхтэн тогтолцоо юм. Тухайлбал хүмүүсийн дунд толгойны эм гэгддэг аспирин, аналгин гэх мэтийн стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүдийн замбараагүй хэрэглээ нь ходоодыг цочроон үрэвсүүлж, цаашлаад ходоодны шарх үүсгэж, хоол боловсруулалт алдагддаг. Мөн зохисгүй хэрэглсэн эмийн нөлөөнд бие махбодод бодисын солилцооны явцад үүссэн хортой бүтээгдэхүүнүүдийг саармагжуулж байдаг элэг хамгийн ихээр өртөнө. Энэ нь элэгний хатуурал үүсэх явцыг дэмжиж өгдөг. Үүнээс болоод бодисын солилцоо бүхэлдээ хямарна. Гэх мэтээр тоочоод байвал зохисгүй хэрэглэсэн эм бүх л эрхтэн тогтолцоонд муугаар нөлөөлж болно.
Тэгэхээр “Энэ эм нь ийм өвчинд сайн байдаг гэнэ” гээд л өөрийн дураар хэрэглээд байж болохгүй нь. “Хүүхдийн толгой өвдчихөж, нэг пара уулгачих” гэх үг наад захын хүний амнаас гарах болж. Магадгүй та хүүдээ цай ундыг нь өгөөгүйгээс болсон бол цайгаа уугаад л толгой өвдөх нь намдчих байлаа шүү дээ.
Сүүлийн жилүүдэд манай улсад “сүлжээний” гэгдэх эм, бэлдмэлүүд газар авах болжээ. Хоёр жилийн өмнө нэгэн найз маань намайг эрүүл мэндийн тухай лекцэнд сууя гэхээр нь хамт очлоо. Жижгэвтэр өрөөнд 30-аад хүн цуглаж. Өөрийгөө их эмчийн мэргэжилтэй гэж танилцуулсан нэг эгч хүний биед ямар учраас яагаад өвчин үүсдэг гэдгийг магтмаар сайхан ярьж байна. Үүнийхээ дараа харин өөрийн сүлжээний бүтээгдэхүүнүүдээ сурталчилж өгдөг байгаа. Эмнүүдээ эрхтэн тогтолцооных нь өвчний эсрэг нэрээр нэрлэчихсэн, “Ийм үед тийм бэлдмэлийг нь уу. Манай энэ эм дэлхийд алдартай, ийм өвчинд сайн гэдгийг нь бүүр баталчихсан юм” гэж ирээд л тархийг бол угааж өгсөн дөө. Түүнийг нь баталсан бичиг баримт нь хаана ч байгаа юм бүү мэд. Зарим нэг нь үнэхээр сайн л байдаг байх. Гэхдээ тэгж туйлширч арай болохгүй юм шиг санагдсан. Эцэст нь элсэлт аваад л өндөрлөсөн дөө. Сүлжээний бизнес байсан юмсанж. Хэн ч юу ч гэж хэлж болно. Хүн аливаа зүйлд итгэх итгэхгүй нь өөрөөс нь хамаарах учир би анагаахын сургуулийн оюутны хувьд итгээгүй учраас сүлжээнд нь элсээгүй. Ам дамжсан, тархи угаасан яриагаар өөрөө өөрийгөө эмчлэнэ гэдэг сайн зүйл биш ээ.
Дээр дурьдсан бүгдээс дүгнээд та эрх биш нэгийг ойлгосон гэдэгт итгэе. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье!
Ц. Эрдэнэ-Очир
No comments:
Post a Comment