Thursday, February 2, 2012

Настайчуудын толгой өвдөх шалтгаан

Настайчууд ханиад хүрч халуурснаас болоод толгой өвдөх нь илт мэдрэгддэг боловч үүнээс гадна бас янз бүрийн шалтгаанаар толгой өвдөх тохиолдол байдаг.

Нэг. Цусны даралт огцом нэмэгдэх: Цусны даралт огцом нэмэгдэж, цусны даралтын хөнөөл, цусны даралтын улмаас болсон тархины өвчин энэ гурав бол адилавтар мөртөө харилцан нягт холбоотой өвчнүүд юм. Жирийн байдалд цусны даралт өндөр болсны улмаас толгой өвдөх нь тун цөөн байдаг. Зөвхөн хааяа өвдмөөр болоод өнгөрдөг байна. Гэвч дээрх гурван өвчний шинж тэмдэг илэрэхэд хүрвэл толгой өвдөх нь илт мэдэгдэж, толгой эргэх, чих шуугих, дотор эвгүй оргин бөөлжис хутгах, зүрх базлаж өвдөх, нүд эрээлжлэх, цаашилбал дөрвөн мөч бадайрч, санаа мэдрэл ч хэвийн бус болох зэрэг байдал илэрдэг байна. Энэ үед толгой хагармаар сүрхий өвдөж, толгой дүүрэн цус хөөрч улмаар саа өвчинд нэрвэгдсэн юм шиг шинж тэмдэг мэдэгддэг байна.

Хоёр. Тархины хорт хавдар: Настайчууд тархины хорт хавдарт нэрвэгдвэл, эхний үедээ хорт хавдрын эс нь жижиг, эзлэх талбай нь бага болохоор толгой өвдөх хэмжээнд хүрэхгүй. Харин хорт хавдар томроод чанарын өөрчлөлт гарах үед, их тархийг шахаж, нугасны усны замыг бөглөөд тархинд усан хаван үүсгэдэг байна. Гавлын доторхи даралт нэмэгдэн гавлын мэдрэлд нөлөөлөх үед, толгой сүрхий өвдөж, юм хүм балархай харагдан, хөл тогтворгүй болж, унадаг өвчний байдал илрэн, бөөлжиж, өрөөсөн тал нь мэдээгүй болж, ухаан санаа самуурах зэрэг байдал илэрдэг байна. Энэ бол толгой өвдөж байгаагийн бас нэг гол шалтгаан юм.

Гурав. Архагшсан цусны хавдар: Энэ бол тархины бүрхэвчийн дор хатууран тогтсон томоохон цусан хавдрыг хэлж байгаа юм. Уг өвчин нь ихэвчлэн ялимгүй хэмжээний гадар шархнаас үүсдэг байна. Гэвч настайчууд энэхэн хоромд болсон гадар шархны эх үүсвэрийг аль хэзээний мартчихаад хэдэн сарын дараа ч юм уу, нэн урт хугацаа өнгөрсний дараа толгой өвдөх, толгой чинэрэх, үе мөч хөших, шөрмөс татах зэрэг өвчний байдал илрэх үед ч ямар шалтгааны улмаас өвдөж байгаагаа мэдэхгүй байдаг.

Дөрөв. Тархины артерийн судасны хавдар: Ийм хавдар ихэвчлэн төрөлхийн байдаг. Жирийн үед их тархины гүнд нуугдаж байдаг болохоор цус гарахгүй бол толгой өвддөггүй, мэдрэлд ч нөлөөлдөггүй юм. Хэрэв хагарч цус гарах юм бол нэн даруй өвчний байдал илэрч, юуны өмнө толгой их өвдөж, дур гутаж бөөлждөг, толгой дэлбэрэх мэт өвдөж байснаа ухаан алдаж шөрмөс татдаг. 1-2 өдрийн дараа мэдээ орлоо ч гэсэн толгой мөн л өвдөж, нүүрний арьс бууж, нүдний хөдөлгөөн удааширч, хараа муудаж улмаар хараагүй болох тохиолдол ч гардаг байна.

Эх сурвалж:http: www.mgwhw.com

Эмэгтэйчүүдийн цэвэршилт

Нас ахих тусам ямар ч амьд бие махбодид тийм ч таатай бус өөрчлөлтүүд гарна. Бодисын солилцоо удаашрах, эсийн шинэчлэлт саатах зэрэг залуу хүний зүүдэнд ч ордоггүй янз бүрийн асуудал ба өвчин эмгэг үүсдэг. Жишээлэхэд, эмэгтэй хүнд 50 наснаас хойш цэвэршилт явагддаг.

Ерөнхий

Эмэгтэй хүн бүрийн амьдралд биемахбодь дахь бэлгийн дааврын хэмжээ эрс буурах үе ирдэг. Нас ахих тусам өндгөвчний үйл ажиллагаа бөхөж байдаг нь үүний үндсэн шалтгаан нь юм. Энэ үйл явц нь нэлээд удаан буюу 8-10 жил үргэлжилсээр эцэст нь бэлгийн даавар огт байхгүй болдог. Энэ байдлыг цэвэршилт гэнэ.

Эмч нар цэвэршилт нь ихэнхдээ гурван шаттай явагддагийг ажиглажээ;

1. Пременопауза – өндгөвчний үйл ажиллагаа буурч эхлэх үеэс сарын тэмдэг бүр мөсөн алга болох хүртэлх үе. Шинж тэмдэг нь; эмэгтэй хүний үр боловсруулах чадвар эрс буурна, сарын тэмдэг тогтмол бус бага хэмжээтэй болно. Энэ нь 40-45 насанд эхэлж 5 орчим жил үргэлжилнэ.

2. Менопауза – хэрэв сарын тэмдэг багадаа жил орчим хугацаанд ирэхгүй бол менопауза болжээ гэж үзнэ. Эм бэлгийн даавар энэ үед бараг тэг заасан байдаг.

3. Постменопауза – сүүлийн сарын тэмдэгээс өндгөвчний үйл ажиллагаа бүрэн зогсох хүртэлх үе. Энэ нь 3-15 орчим жил үргэлжилнэ. Эмэгтэйчүүд биед нь мөчлөгт өөрчлөлт гарч буйг мэдрэх боловч сарын тэмдэг нь ирдэггүй.

Шинж тэмдэг

Цэвэршилтийн шинж тэмдгийг танихад хялбар. Эмэгтэй хүн бүр мөсөн жирэмслэхээ болино. Тиймээс бэлгийн харьцааны үеэр хамгаалалт хэрэглэх шаардлаггүй. Мөн сарын тэмдэг ирж зовоохоо больж, ариун цэврийн хэрэгсэл хэрэггүй болж мөнгө хэмнэнэ. Эдгээрийг эерэг тал гэж үзэж болох ч цэвэршилтийн хам шинж нэртэй ноцтой сөрөг үр дагаварууд гарна. Цэвэршилтийн шатанд үе үе нүүр чинэрч цусаар дүүрэх, халуу шатаж, ихээр хөлрөх, толгой өвдөх зэрэг шинжүүд гардаг. Цусны эргэлтийн тогтолцоо хэвийн бус болж, даралт хэлбэлзэж зүрх дэлсдэг. Мөн энэ үеэр амьсгаа бөглөрөх, дагжин чичрэх, бие сулбайх, нойрмоглох, тайван бус цочромтгой болох зэрэг шинжүүд илэрнэ.

Түүнчлэн бэлгийн дур хүсэл буурна. Хоёроос гурван жилийн дараа өөр бусад таагүй шинж тэмдэгүүд гарч болно, үүнд: давсагаар өвдөх, бэлэг эрхтний орчимд загатнаж хорсох ба бүх салслаг бүрхүүлүүд( ялангуяа үтрээний ) хуурайшиж, бэлгийн харьцаанд орохд хүндрэл учруулдаг. Мөн бүх эмэгтэйчүүдийн тэн хагас нь энэ үеэр огцом жин нэмдэг. Менопаузагаас хойш тав болон түүнээс олон жил өнгөрөхөд бие махбодийн бодисын солилцоо хямарч судасны хатуурал, яс сийрэгжилтээс болоод даралт ихсэх, зүрхний шигдээс, ясны олон хугарал мэтийн өвчнүүдийг үүсэхэд хүргэж болно. Зарим эмэгтэйчүүдэд цэвэршилтийн хам шинж нь илүү хүчтэй эсвэл сул илэрдэг.

Арга хэмжээ

Хэрвээ цэвэршилт нь хэвийн амьдрахад саад болж байвал яаралтай эмчид хандах шаардлагатай. Хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эмч, дотоод шүүрлийн булчирхайн эмч ба хавдарын эмч гэсэн гурван мэргэжилтнээс зөвлөгөө авна. Үүний дараа цогц шинжилгээ буюу цусны ерөнхий болон биохимийн шинжилгээ, цусан дахь дааврын түвшинг тодорхойлох шинжилгээ, ясны рентген шинжилгээ хийлгэнэ. Зөвхөн үүний дараа л тохирох эмчилгээг сонгоно.

Эмчилгээ

Өнөөдөр эмэгтэйчүүдийг энэхүү зовлонгоос аврах олон арга бий болсон. Цэвэршилтийн хам шинжээс ангижирах хамгийн үр дүнтэй арга бол даавар орлуулах эмчилгээ юм.
Эх сурвалж: www.103.mn