Saturday, January 7, 2012

Нойрны тухай


Нойр гэдэг нь биеийн ажиллах чадварыг сэргээх, ялангуяа төв мэдрэлийн тогтолцоог сэргээх нөхцөлийг бий болгодог үечлэн эхлэх байдал юм. Нойр ямар ч хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ бөгөөд нойрсох үед булчингийн хүчдэл суларч, бүх мэдрэхүй: харах, сонсох, амтлах, болон арьсны мэдрэхүй буурдаг. Нөхцөлт ба нөхцөлт бус рефлекс буурна. Эдэд очих цусны хэмжээ багассанаас бодисын солилцоо 8-10% буурч, биеийн дулаан буурна.


Орчин үеийн ойлголтоор нойр нь амралт төдийгүй ажил юм. Учир нь өдрийн турш хуримтлуулсан янз бүрийн мэдээллийг дахин боловсруулан, үүнтэй холбоотой хүний тархи дараагийн өдөр дахин хүлээн авах чадвартай болно.

Нойрсох хугацаа хүний наснаас хамааран өөр байдаг. Нялх хүүхдүүд хоногийн ихэнх цагт унтдаг байхад настай хүмүүст энэ нь бага байдаг. Насанд хүрсэн хүн дунджаар 6-8 цаг унтах шаардлагатай бөгөөд хамгийн багаар бодоход 4-5 цаг унтах хэрэгтэй. Харин нас ахихад энэ нь багасдаг.

Хүний нойрыг үндсэн 2 хэлбэрт ангилдаг.

1. Нүд хурдан хөдлөн унтах

2. Нүд аажим хөдлөн унтах

Энэ хоёр хэлбэр нь ээлжлэн солигдож байх боловч 75-80%-ийг нүд
аажим хөдлөн унтах нойр эзэлдэг. Нүд аажим хөдлөн унтах хэлбэрийг
дотор нь 4 үед ангилдаг. 4 дэх үед тусгай шүүрэл цусанд ялгарах бөгөөд
энэ шүүрэл нь хүнийг сэргэлэн болгох үйлдэл үзүүлдэг. Настай хүмүүс
4-р үе нь богиноссоноос хамааран ялгарах шүүрэл нь бас даган багасч
харин сэргэх, бие амран сэлбэгдэх үйл явц удааширдаг байна. Нойрны эмгэг нь ихэвчлэн хэт нойртох ба нойргүүдэх байдлаар илэрдэг. Настай хүмүүст нойр багасах, нойр хөнгөн болох үзэгдэл гардаг бөгөөд олон янзын хүчин зүйлс нөлөөлдөг байна. Үүнд:

1. Сэтгэл түгших

2. Сэтгэл гутрал

3. Тархины судасны хатуурал

4. Зарим дотоод шүүрлийн булчирхайн өвчин гэх мэт байна.

Нойрны эмгэгийн үед илрэх ерөнхий шинж тэмдэг:

1. Өдрийн цагаар хэтэрхий их нойрмог байх

2. Шөнө нойр хүрэхгүй байх

3. Хурхирах

4. Унтах үедээ хэвийн бус хөдөлгөөн хийх байдлаар илэрнэ.

Нойрны хувьд тооноос чанар нь илүү чухал юм. 4 цаг дээд зэргийн бөх нойрсох нь 8 цаг зүүрмэглэхээс хавьгүй дээр бөгөөд энэ нь өөр ямар нэг хүчин зүйлээс илүүтэйгээр таны залуу байдлыг хадгалж, мэдрэлийн тань эрч хүчийг бэхжүүлнэ. Хэрэв та өөрийнхөө мэдрэлийн системийг тамхи, кофе, цай, архиар сэргээгээд байдаг бол ханатлаа унтах боломжгүй юм. Бас нойрны эмийг байнга хэрэглэх нь мэдрэлийг бүрэн хямралд оруулах хорт зуршил бөгөөд нойрсуулах эмийн тунг байнга нэмэх хэрэгтэй болдог учраас мансууралд хүргэх аюултай. Өдрийн турш эрүүл агаарт гадагшаа гарахгүй сууж ажиллах мь Биеийн сул дорой байдлаа эсвэл оюун ухааны үлбэгэр байдлаа бүү өөгшүүл. Нойр гүн байх ёстой. Хэрэв таны нойрон дунд аймшигт мөрөөдөл зовоож, эсвэл хуучин түгшүүр зовиур илэрч байвал нойр тань эрүүл бус байна гэсэн үг.

Туйлын бат бөх нойрныхоо төлөө та баярлаж, дэгтэй байж, амьдралын эрүүл хэв маяг баримтлах ёстой. Та нойроороо биеэ сэргээн тэнхрүүлдэг, бат бөх болгохын тулд яах ёстой вэ? гэж асуух гэж байна уу?

Та дараах зөвлөмжийг уншаарай.

-Та өдөр нь идэвхитэй байх ба хэт их ядарч туйлдаж болохгүй.

-Унтахаас өмнө бага хэмжээний жимс ногоо идэж болно.

-Цонхоор цэвэр агаар оруулна.

-Телевизороор сэтгэл санаа үймүүлсэн кино, нэвтрүүлэг үзэхээс татгалзах

-Таны унтах ор биед таатай, хэт зөөлөн биш, орныхоо өргөний хэмжээг наад зах нь 90 см байлгахыг хичээх, дэр тань намхан, эвтэйхэн байх

-Унтахын өмнө гүнзгий амьсгаа авах дасгалыг 10- аас доошгүй удаа хийх

Эх сурвалж: www.gerontology.moh.mn


Геронтологийн төв буюу монголын ахмадын төвийн талаар танд хүргэх мэдээлэл

Энэ удаа та бүхэндээ Монголын ахмадын төв буюу геронтологийн төвийн талаар товч мэдээлэл өгөхийг зорилоо. Энэ төвийн талаар ахмадууд мэдээлэл муу байдгаас тус төвөөс ахмадуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байх нь цөөнгүй байгаа тул доорх мэдээллийг танд хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 209 тоот тогтоолоор “Геронтологийн төв” нь бие даасан статустайгаар байгуулагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлын 80 дугаар тэмдэглэл, Эрүүл Мэндийн Сайдын 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 83 тоот тушаалаар Геронтологи гериатрын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг Монгол Улсын хэмжээнд үзүүлэхээр өргөжин ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар Геронтологийн төв нь 3 зөвлөх, 14 эмнэлгийн мэргэжилтэн, 6 туслах ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Уг төв нь 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 65 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ, оношлогоо, эмчилгээ хийдэг. Манай өрхийн эрүүл мэндийн төв нь Монгол улсын засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 156-р тогтоолоор батлагдсан Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаархи Үндэсний стратеги” хөтөлбөрийн хүрээнд геронтологийн төвтэй хамтран ажилладаг. www.gerontology.moh.mn холбоосоор орж тус төвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Геронтологийн төвийн байршил: Бидний мэддэгээр 100 айлын замын уулзвар, Барилгын материалын Жоби төвийн эсрэг талд буюу СБДүүргийн эрүүл мэндийн нэгдлийн зүүн талд байрладаг.


Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе!

Шэжид дүг өрхийн эрүүл мэндийн төвөөс Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нийт иргэддээ болон та бүхний эрүүл мэндийн төлөө зүтгэдэг эмч, сувилагчиддаа бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе! Ирж буй 2012 онд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж, хүн бүрт ололт амжилтаар дүүрэн байхыг ерөөе! Цаашдаа хүн бүр өөрийн эрүүл мэндийнхээ төлөө байнга санаа тавьж, өрхийн эрүүл мэндийн төвтэйгөө хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Бид та бүхний эрүүл мэндийн төлөө анхан шатны туслажм үйлчилгээгээ илүү чанартай, хүртээмжтэй хүргэхийг эрмэлзэн ажиллана. Мөн энэхүү блогоор дамжуулан иргэдтэйгээ цахим хэлбэрээр харилцаагаа өргөжүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээлэл болон эрүүл мэндийн зөвлөмжүүдийг аль болох тогтмол нийтэлж байх болно. Улмаар та бүхний санал хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа тусган ажиллана.

Бидний цахим хаяг:

Email : shejiddug@facebook.com

Facebook: http://facebook.com/shejiddug

Blog: http://shejiddug.blogspot.com/