Tuesday, March 12, 2013
Хурхирах
Агаарын урсгал нарийссан амьсгалын замаар дамжих үед залгиур хоолойн зөөлөн бүтцүүд өөр хоорондоо мөргөлдөх үед үүсдэг дуу авиаг хурхирах гэнэ. Насанд хүрэгчдийн 30% нь хурхирдаг бол 60 дээш насанд нэмэгдэж 60% нь тохиолддог.
Хурхирах нь хурхирч буй хүндээ гэхээсээ илүүтэйгээр орчин тойрны хүмүүсийн хувьд томоохон асуудал болж хувирдаг. Гэвч нөгөө талаас хурхирах нь нойрон дунд амьсгал гэнэт зогсох буюу апноэ гэдэгт ноцтой өвчний үндсэн ба урьдчилсан шинж байж болдог.
Шалтгаан
Хурхирах нь хамрын таславчны муруйлт, хамрын жим ба залгиурын төрөлхийн нарийсал, хамрын ур, хүүхэн хэл урт байх, доод эрүү арагшаа байх (зуулт алдагдах), гүйлсэн булчирхайн томролт, таргалалт зэрэгт үүсдэг.
Түүнчлэн хурхиралт үүсэхэд залгиурын булчингийн сулралт үүсгэдэг ядрах, нойрны хямрал, архи хэрэглэх, нойрсуулах бэлдмэл хэрэглэх, тамхи татах, бамбай булчирхайн үйл ажиллагаа багасах, эмэгтэй сарын тэмдэг зогсох, хөгшрөлт зэрэг зэрэг функционал хүчин зүйл болон өвчин нөлөөлдөг.
Явц
Хурхиралт нь нойрон дундуур тархийг үе үе богино хугацаанд сэрээдэг тул өдөр нойрмоглох нь архаг хурхиралтын үндсэн шинжүүдийн нэг байдаг. Шөнө гүйцэд амраагүй бие, тархи нь нойроо нөхөж амрахын тулд өдөр унтаж амрахыг хичээнэ.
Нойрон дунд амьсгал бөглөрөн гэнэт зогсох буюу апноэ өвчний шинж тэмдгүүд болох өнгөц нойр, хөлрөх, шөнө шээх нь олшрох, цуцах, өглөөгүүр толгой өвдөх, өдөр эрс нойрмоглох, цочромтгой байх, ой тогтоолт, анхаарал сулрах зэрэгтэй хавсран илэрсэн үед эмчлэх шаардлагатай .
Оношлогоо
Хурхирахын оношыг онцгой хүндрэлгүй тавьна. Яаж гэдгийг нь тайлбарлах шаардлагагүй байх.
Гэхдээ нойрон дунд бөглөрөн амьсгалахгүй болох хам шинжийн оношыг тавихад ашигладаг нэмэлт шинжилгээний арга хэрэглэж болно. Энэ нь нойрон дунд нь зүрх судас болон амьсгалын системийг шинжлэх – полисомнографи гэдэг шинжилгээ юм. Хурхирахтай өвчтөнг ЧХХ-эмч болон мэдрэлийн эмчид үзүүлнэ.
Эмчилгээ
Боломжтой бол хурхирахын шалтгааныг арилгана. Унтахын өмнө тамхи татахгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх зэрэг эрсдлийн хүчин зүйлийг хасах хэрэгтэй.
Хурхирах ба унтаж байх үеийн амьсгалахгүй байхыг эмийн болон мэс заслын эмчилгээний янз бүрийн аргаар эмчилдэг. Эмийн эмчилгээ нь амьсгалын замыг өргөсгөхөд чиглэнэ. Унтах зөв байрлалыг сонгох ёстой. Түүнчлэн аман доторх тусгай хэрэгслийг хэрэглэн хурхирахыг арилгаж болно. Өвчтөн хурхирахыг багасгадаг тусгай дасгал хийж болно. Хурхирах ба амьсгалахгүй болохыг засдаг мэс заслын арга нь хамрын амьсгалыг сайжруулах, залгиурын нүхийг ихэсгэх, зөөлөн тагнайн хэмжээг багасгах, залгиурын тунгалагын эдийн үүсгэврийг багасгах зэрэг иж бүрдэлт хагалгаа байдаг. Энэ хагалгааг лазерын тусламжтайгаар чанд авиан, эсвэл ердийн механик мэс заслын хутга хутга хэрэглэн хийнэ.
CPAP эмчилгээ
CPAP эмчилгээн гэдэг нь (англи товчилсон үг Continuous Positive Airway Pressure – амьсгалын замыг байнгын илүү даралттай байлгах) унтаж байх үед амьсгалын замыг байнга гадаад орчноос бага зэрэг илүү даралтттай байлгахаар дүүргэхийг хэлдэг. Ингэснээр залгиурын зөөлөн эд унжих гэсэн хурхирах үндсэн механизмыг арилгана.
Эмчилгээг битүү хамрын масктай холбосон уян гуурсаар амьсгалын зам руу тодорхой даралттай агаарын урсгалыг шахаж байдаг бага зэргийн шахуургын тусламжтай хийнэ. Эмчилгээг тусгай зориулалтын лабораторид хийнэ. Цаашид жин нэмэгдээгүй тохиолдолд үр дүнд хэдэн сар, жилийн туршид тогтвортой хадгалагддаг. Улмаар хүн өөрөө, гэрийн нөхцөлд ч багажийг ашиглаж чаддаг болно.
Энэ эмчилгээгээр хурхиралтыг бүрэн эмчилдэггүй, зөвхөн үндсэн шинжийг тодорхой хугацаагаар дардаг.
Subscribe to:
Posts (Atom)