Sunday, August 21, 2011

Хүүхдээ вакцинд нь бүрэн хамруулсан бол та сайн эцэг эх


Вакцин хийнэ гэдэг бол товчхондоо таны хүүхдийг нийгмийн аюултай халдварт өвчнөөр өвдөхөөс сэргийлж, таны хүүхдийн биед тэдгээр өвчний эсрэг дархлаа тогтоож байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл тэдгээр халдварт өвчний үүсгэгч таны хүүхдийн биед нэвтэрсэн ч хүүхдийг тань өвчлүүлж чадахгүй болж байна гэж ойлгож болно. Тиймээс бага насны хүүхдээ та вакцинд нь заавал бүрэн хамруулаарай. Тэгвэл эцэг эхийнхээ үүргийг сайн биүлүүлж байгаагийн нэгэн хэлбэр юм шүү.
Бага насны хүүхдийн вакцины товлол дараах байдлаар хийгддэг.
2 сартайгаас нь та товлолын дагуу вакцинд хамрагдаж эхэлнэ:

2 сартайд: тавт вакцин буюу Сахуу, Хөхүүл ханиад, Татран, В гепатит, Хемофилюс инфлюенза, Халдварт саагийн 1-р тунг хамтад нь хийнэ.
3 сартайд: дээрх вакцинуудын 2-р тунг хийнэ.
4 сартайд: дээрх вакцинуудын 3-р тунг хийнэ

9 сартайд: Улаан бурхан , Гахай хавдар, Улаануудын вакцины 1-р тунг хамтад нь хийнэ.
2 настайд: Улаан бурхан , Гахай хавдар, Улаануудын вакцины 2-р тунг хамтад нь хийнэ.
7, 15 настайд: Сахуу, Татрангийн вакцинуудыг хийнэ


Анхааруулга:
1. Таны хүүхэд вакцинд хамрагдахын тулд сарын хоногоо яг гүйцээсэн байх шаардлагатай.
2. Ямар нэг өвчний улмаас юмуу өөр бусад шалтгаанаар тухайн сард хийлгэх вакциныг нь хийлгээгүй тохиолдолд дараа заавал хамрагдана. Жишээлбэл та 2 сарынх нь вакциныг хийлгэсэн байтал таны хүүхэд хөдөө байгаад юмуу эсвэл өвчтэй байгаад 3 сарынхаа вакциныг хийлгэж амжаагүй бол 4 сартайд нь 3 сартайгийнх нь вакциныг нөхөж хийдэг ба 5 сартайд нь 4 сартайгийнхаа вакциныг мөн нөхөж хийлгэх юм.
3. Хүүхдийнхээ вакциныг хийлгэх гээд иртэл эмч таны хүүхдийн тухайн үеийн биеийн байдлыг магадалсны үндсэн дээр хүүхэд тань өндөр халуурах, ямар нэг халдварт өвчтэй байх, суулгалттай байх, хүнд хатгалгаатай байх гэх мэт болон бусад шалтгааны улмаас вакцин хийх өдрийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно. Энэ тохиолдолд та дээрх 2 дугаартайд бичсэн зарчмыг баримтална.

Таны хүүхдэд болон танд эрүүл энх сайн сайхныг хүсье!

Өрхийн эмнэлгээр та хэрхэн үйлчлүүлэх вэ?


Хүн хүр л ямар нэгэн хэмжээгээр зовиур шаналгаа биед нь илэрсний улмаас эмнэлэгт ханддаг. Тэгвэл өрхийн эмнэлэг бол таны эрүүл мэндийн төлөө ажилладаг танд хамгийн ойрхон байгууллага юм. Тиймээс бие тань өвдсөн тохиолдолд  та хамгийн түрүүн өрхийн эмнэлэгт хандах ёстойгоо мэднэ.
Танд хамгийн ойрхон хүрч үйлчилдэг энэ эмнэлгээр үйлчлүүлэхдээ:
1.      Та хичнээн зовиур шаналгаатай байсан хэдий ч соёлтой боловсон үйлчлүүлэх хэрэгтэй. Учир нь та тантай адилхан зовиур шаналгаатай олон хүмүүс үйлчлүүлж байгаа  гэдгийг санаж  та тэдний эрхийг хүндэтгэн үзэж ирсэн  дарааллаараа дугаарлаж байгаад үйлчлүүлэх хэрэгэгтэй. Таныг очерлоод зогсож байхад тань хүнд өвчтэй хүн юмуу жирэмсэн эмэгтэй эсвэл  өндөр настай хүн ирвэл та уурлаж уцаарлалагүй түр хүлээгээд тэднийг өмнүүрээ оруулаарай. Тэд танд маш ихээр баярлах болно. Мөн тэдний оронд  байсан бол гээд өөрийгөө орлуулаад бодоод нэг үзээрэй .  Таны ээж таныг төрүүлэх гээд тэр жирэмсэн эмэгтэй шиг явж байсан гэдгийг сана. Танд бас  тэр өндөр настан шиг өвөө, эмээ, ээж аав байдаг байх.
2.      Мөн эмчийн  мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад нь бүү саад хийгээрэй. Эмч таны л төлөө үйлчилж байгаа шүү дээ. Зарим хүний биеийн байдлаас хамаараад удаан үзэх тал байж болно. Нэг хүнийг үзэх хугацаа 15 минут хүртэл байдаг тул эмч аль болох танд хурдан шуурхай үйлчлэхийг хичээж байдагт итгээрэй.  Харин жирэмсэн хүнийг үзэх нь илүү нарийн мэдээлэл шаарддаг учир түүнээс ч удаан үзэх тохиолдол байж болно. Та түр хүлээгээд үйлчлүүлээрэй.
Эмч ч бас хүн тул ядрах, ундаасах үе байдаг тул цайны цаг гэж байдаг юм шүү. Тэр үеэр нь та түр хүлээгээд үйлчлүүлээрэй. Цайгаа уугаад сэргэсэн эмчийн ажлын чадвар тэр хэмжээгээрээ илүү сайн байна гэдгийг ойлгоорой.

Жирэмсний хяналт, ач холбогдол

Таныг жирэмсэн байх хугацаанд буюу төрөхийн өмнөх үед үзүүлэх эрүүл мэндийн цогц тусламжийг жирэмсний хяналт гэж нэрлэдэг. Энэ тусламжийн хүрээнд таны жирэмсний явц дах биеийн байдал болон таны хүүхдийн өсөлт хөгжил зэргийг хянадаг. Та хэрэв жирэмсэн болсон бол дараах зарчмыг мөрдөөрөй. Үүнд:
• Жирэмсний хяналтанд эрт орох. Хэрэв та жирэмсэн болсон эсвэл жирэмсэн болсон байж магадгүй бол эмчид хандаарай.
• Жирэмсний хяналтанд тогтмол хамрагдах. Таныг эмч хэдийд ирж үзүүлэхийг төлөвлөж гаргадаг бөгөөд хожигдож болохгүй.
• Хүн бүр жирэмсний хугацаандаа өөрийн болон өөрийн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад идэвхтэй оролцох шаардлагатай.


Жирэмсний хяналтын ач холбогдол
Жирэмсэний хугацаанд эмчийн тогтмол хяналтанд байснаар таны биед гарч болох эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах болно. Мөн үүсч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж чаддаг. Жирэмсний хяналтанд эрт орж тогтмол хамрагдах нь таны болон таны хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтойг олон сулаачид батласан байдаг.

Жирэмсний хяналтын ердийн төлөвлөгөө
Жирэмсний хяналтын төлөвлөгөөг эмч танд танилцуулна.
Төрөх хугацаа дөхөх тусам жирэмсний үзлэгийн зай ойртоно. Жирэмсний хэвийн үргэлжлэх хугацаа дунджаар дөчин долоо хоног байдаг. Хэвийн жирэмсний явцад хяналтын эмчид үзүүлэх товлол дараах байдалтай байдаг:
• Жирэмсний эхний зургаан сарын туршид сард нэг удаа
• Дараагийн хоёр сарын хугацаанд хоёр долоо хоног тутамд нэг удаа
• Төрөх хугацаа хүртэл долоо хоногт нэг удаа.

Жирэмсний үзлэгийн явцад юу хүлээгдэх вэ?
Жирэмсний хяналтанд анх ороход эмч тантай таны өөрийн эрүүл мэндийн түүхийн талаар болон танай гэр бүлийн эрүүл мэндийн түүхийн талаар ярилцаж биеийн ерөнхий үзлэг хийнэ. Биеийн ерөнхий үзлэгт таны жин, өндөр, цусны даралт болон бусад эрхтэн системүүдийн үзлэг багтахаас гадна аарцгийн эрхтэнүүдийн үзлэг орно. Мөн цус болон шээсний шинжилгээ авах болно.
Жирэмсний хяналтын дараагийн үзлэгийн үед эмч таны хүүхдийн өсөлт хөгжилт хэрхэн явагдаж байгааг болон таны биеийн байдлыг үнэлдэг. Таны жирэмсний явцыг илтгэдэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүд байдаг. Хэт авиан шинжилгээгээр таны хүүхдийн өсөлт хөгжилтөөс гадна таны хүүхдийн эрүүл мэнд болон ургийн гажиг байгаа эсэхийг тодорхойлно.
Таниас цус шээсний шинжилгээнээс гадна шаардага гарвал бусад шинжилгээг авна.

30-аас дээш насны эмэгтэйчүүдийн жирэмслэлт
Хэдий чинээ хожуу насандаа жирэмсэлнэ төрлөхийн гажигтай хүүхэд төрөх магадлал төдий чинээ өндөр байдаг. Ихэнх эмэгтэйчүүд 30-аас дээш 40-өөс доош насандаа эрүүл хүүхэд төрүүлэх нь элбэг байдаг. Жирэмсэн болохоос өмнө болон жирэмсний хяналтын явцад ургийн гажиг байгаа эсэхийг тодруулах шинжилгээнүүд хийгдэх шаардлага гарч болзошгүй. Эмч таны жирэмслэлтийн явцад таны хүүхдийн эрүүл байдлыг тогтоох тусгай шинжилгээ санал болгож болно.

Жирэмсэн болохоосоо өмнө өөртөө тавих анхаарал
Жирэмсэн болохоосоо өмнө өөртөө тавих анхаарал нь таны жирэмслэлтийг эрүүл байхад туслаад зогсохгүй таны хүүхдийг төрлөхийн гажигтай төрөх эрсдэлийг бууруулдаг. Таны жирэмсэн болохоос өмнөх өөртөө тавих анхааралд:
• Эрүүл хооллолт, байнгын дасгал (долоо хоногийн ихэнх өдрүүдэд өдөрт 30 минут дасгал хийх ) мөн хангалттай унтаж амарч байх. Та эмчтэйгээ ярилцаж өөртөө тохирсон хооллолт болон дасгалын талаар зөвлөгөө аваарай.
• Өдөр бүр 400 микрограмм фолийн хүчил хэрэглэх. Найрлагандаа фолийн хүчил агуулсан өдөр тутам хэрэглэдэг мултивитамин хэрэглэх нь мөн тохиромжтой. Жирэмсэн болохоосоо өмнө болон жирэмсний эрт үед фолийн хүчлийг хангалттай хэрэглэх нь төрлөхийн гажиг үүсэхээс сэргийлэхэд тустай байдаг. Ихэнх үр тариа болон хүнсний ногоонууд фолийн хүчил агуулсан байдаг боловч үр тарианд илүү агуулагддаг байна. Өөрийн хэрэглэж байгаа мултивитаминд агуулагдаж байгаа фолийн хүчлийн түвшинг анхаарч хүнсэндээ үр тариа түлхүү хэрэглээрэй.
• Эмчийн иж бүрэн үзлэгт ороорой. Та өмнө нь өвдөж байсан өвчнүүдээ мэдэж байх хэрэгтэй. Ялангуяа улаан бурхан өвчнөөр өвдөж байсан эсэх нь чухал ач холбогдолтой. Улаан бурхан хүнд хэлбэрийн төрлөхийн гажиг үүсгэж болдог. Салхин цэцэг болон бусад өвчнөөр жирэмсний хугацаанд өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв та улаан бурхан болон салхин цэцгээр өмнө нь өвдөж байсан бол дархлаа тогтсон байдаг тул дахин өвдөхгүй.
• Хэрэв эмчийн бичиж өгсөн болон өөрийн дураар эм хэрэглэж байгаа бол эмчид хандаж цаашид хэрэглэж болох эсэх талаар асуугаарай. Зарим эмийн бодисийг жирэмсний хугацаанд хэрэглэж болдоггүйг анхаарах хэрэгтэй.
• Тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг эсвэл ямар нэгэн эм ууж байгаа бол зогсоох хэрэгтэй. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол эмчийн зөвлөгөө авч болно. Мөн таныг хорт зуршлаасаа татгалзахад итгэл үнэмшил, зөвлөгч болон дотны найзууд тань туслаж чадна.

Жирэмсэн болсны дараа өөртөө тавих анхаарал
Энэ бол та өөртөө болон өөрийн тань хэвлийд өсөж буй бяцхан үрийнхээ шинэ амьдралд тавьж байгаа анхаарал халамж юм:
• Өдөр бүр 400 микрограмм фолийн хүчилтэй мултивитамин үргэлжлүүлэн хэрэглээрэй
• Жирэмсний хяналтанд эрт орж тогтмол хамрагдаарай. Жирэмсний хяналтанд орсноор эмч таны болон таны хүүхдийн эрүүл мэнд болон өсөлт хөгжилтийг тодорхойлж хэрэв ямар нэгэн асуудал гарвал зохих арга хэмжээг авах болно.
• Жимс хүнсний ногоо, үр тариа болон сүү сүүн бүтээгдэхүүн түлхүү агуулсан эрүүл хоолны дэглэм мөрдөөрэй. Хүнсэндээ өөх тос аль болох бага хэрэглээрэй.
• Хэрэв эмч таныг хөдлөгөөн багатай байхыг зөвлөөгүй бол долоо хоногийн ихэнх өдөр 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийгээрэй. Хэрэв танд зав бага байвал 10 минутаар өдөрт гурван удаа хийж болно
• Хэрэв та тамхи, согтууруулах ундаа, эм хэрэглэдэг бол даруй болих хэрэгтэй. Тэдгээр нь таны хүүхдэд хор хөнөөлтөй болохыг санаарай.
• Хэрэв ямар нэгэн эмчилгээнд явж байгаа бол эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Зарим төрлийн эмчилгээг жирэмсэн үед хийж болдоггүй.
• Жирэмсний хугацаанд халуун банн, саунд суух болон рентген шинжилгээнээс татгалзаарай.
• Гэрийн тэжээмэл амьтадаас аль болох хол байх хэрэгтэй. Учир нь тэдгээрийн шимэгч хорхой ургийн гажиг үүсгэдэг токсоплазмозын халварын эх булаг болдог.
• Загас, далайн амьтдын түүхий болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.
• Шавьж устгагч болон ахуйн хэрэгцээний химийн бодис зарим цэвэрлэгч болон будаг шингэлэгч мөнгөн ус зэргийг хэрэглэхгүй байх. Хэрэв зайлшгүй шаардлага гарвал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
• Кофее, цай, сод, болон шоколад зэргийн хэрэглээг багасгах болж өгвөл хэрэглэхгүй байх.
• Идэвхтэй хөдөлгөөн таны эрүүл мэндэд тустай бөгөөд зарим эмэгтэйчүүд жирэмсний хугацаандаа ажилаа үргэлжлүүлэн хийсээр байдаг. Хэрэв таны ажлын нөхцөл байдлын талаар асуудал байвал та эмчийн зөвлөгөө аваарай.
• Хүүхэд төрүүлэх болон жирэмсний явцийн талаар ном унших, видео үзэх, интэрнэт сайтад орох болон туршлагатай ээж нартай ярилцах зэргээр мэдээлэл аваарай.
• Жирэмслэлт болон төрөлтийн талаар мэдлэг олгох хичээлд гэр бүлийнхээ хүний хамт оролцоорой. Энэ хичээл танд хүүхдээ төрүүлэхэд бэлдэхэд тань туслана.

Фолийн хүчил
Жирэмсэн болох магадлалтай нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүд фолийн хүчлийг хангалттай хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь ихэнх жирэмслэлт төлөвлөгдөөгүй байдаг.Ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болсноо нилээд хожуу мэддэг. Гэтэл зарим төрлөхийн гажгууд жирэмсний нилээд эрт үед үүсдэг байна. Өдөрт 400 микрограмм фолийн хүчил хэрэглэх нь жирэмсний эрт үед үүсч болох зарим гажгуудаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хэрэв эмэгтэйчүүд жирэмсний хоёр болон гурав дах сараас эхлэн витамин хэрэглэвэл энэ нь ургийн гажиг үүсэхээс сэргийлэхээс хожимдсон байж магадгүй байдаг. Фолийн хүчил эмэгтэй хүний эрүүл мэндэд тустайгаас гадна ургийн гажиг үүсэхээс сэргийлдэг.

Жирэмсний хяналт болон жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан бусад зөвлөгөө
Жирэмсний хугацаанд өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах бусад зөвлөгөө:
• Жирэмсний хугацаанд таны жин хэдэн килограммаар нэмэгдэж болох талаар эмчтэй ярилцаарай.
• Фолийн хүчил, төмөр, кальц болон уургаар баялаг хүнс хэрэглээрэй. Эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан витаминаар хэрэгцээгээ нөхөж болно.
• Ямар нэгэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө эмчтэйгээ ярилцаарай.
• Өдөр бүр өглөөний унд ууж байгаарай.
• Ислэг агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх болон шингэн зүйл сайн ууж өтгөн хатахаас сэргийлээрэй.
• Согтууруулах ундаа, түүхий загас, зөөлөн бяслаг хэрэглэхгүй байх.
• Долоо хоногийн ихэнх өдөрт 30 минут орчим аажим идэхвтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Үүнийг эхлэхээс өмнө эмчийн зөвлөгөө аваарай.
• Төрснийхөө дараа хооллолтондоо анхаарч хэвийн жиндээ эргэж орохыг хичээгээрэй.

Жирэмсний хяналт, үзлэг шинжилгээ

Жирэмсний хяналтанд эрт орох нь танд ямар ашигтай вэ?

Жирэмсний хугацаанд та эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх газарт эсвэл өөрийн сонгож авсан эмчийнхээ хяналтанд байх ёстой. Эмчийн байнгын хяналтанд байснаар хүүхдийн өсөлт зөв явагдаж байгаа эсэх, таны биед элдэв өвчин эмгэг байгаа эсэхийг эрт илрүүлэн хянаж, жирэмсний болон төрөлтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Жирэмсний эхний 3 сарын дотор хяналтад орох нь нэн чухал.

Жирэмсний хяналтанд эрт орсноор:
  • Эмч Таны жирэмсний, амаржих, амралт авах хугацааг зөв тогтоож өгнө.

  • Танд болон нөхөрт тань эсвэл найз залууд чинь жирэмсэн үеийн хооллолт, ажил, амралтын дэглэмийг зохицуулах, төрөлтөд бэлтгэх, хүүхдийг асрах талаар зөвлөгөө өгнө.

  • Тохиолдож болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж, хэрэв хүндрэл тохиолдвол цаг алдалгүй зохих арга хэмжээг авна.

  • Хэвлий дэх ургийн өсөлтийг хянана.

  • Хэрэв та энә удаагийн жирэмслэлтийг үргэлжлүүлэхийг хүсэхгүй байвал, эсвэл жирэмслэлт болон төрөлтийн явцад хүндрэл үүсч таны амь насанд аюул учирч болох эмзэг байдалтай байгаа бол жирэмслэлтийг эрт хугацаанд аюул багатай таслах боломжтой.
Та ямар шинжилгээ өгөх вэ?
Эмнэлэгт таны өндөр, жин, цусны даралт, биеийн ерөнхий байдлыг үзэж, цус, шээсний ерөнхий шинжилгээ, судасны цус, үтрээний наалдац буюу мазокын шинжилгээ авна.
Анхны үзлэгээр таны биеийн жинг хэмжинэ. Цаашид тогтмол хэмжиж ургийн өсөлтийг тодорхойлох болно. Мөн таны өндрийг хэмжинэ. Ийнхүү таны өндөр болон жинг хэмжин тогтоосны үндсэн дээр төрөлтийн байдалд үнэлгээ өгөх боломжтой. Жирэмсний хугацаанд биеийн жин 10 кг орчим буюу 7 хоног тутам 300-500 г нэмэгддэг.
Харин жирэмсний сүүлчийн 2-3 сард таны биеийн жин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй.
Шээсний шинжилгээ:

Сахар тодорхойлно. Жирэмсэн үед шээсэн дэх сахарын хэмжээг тогтмол тодорхойлж хянаснаар чихрийн шижин өвчнийг эрт илрүүлэх боломжтой. Хэрэв чихрийн шижин өвчин илэрвэл жирэмсний хугацаанд эх барих эмэгтэйчүүд болон дотрын эмчийн хяналтад давхар байх хэрэгтэй.

Уураг. Шээсэнд уураг тодорхойлсноор бөөрний үйл ажиллагааг үнэлэх боломжтой юм.
Жирэмсний хяналтанд байж эмчид үзүүлэх бүрд цусны даралтыг 2 гарт тань тогтмрл хэмжих болно. Цусны даралтаа хэмжүүлэх бүрдээ түүний түвшин ямар байгааг лавлаж байгаарай.

Цусны шинжилгээ:
Цусны бүлэг тодорхойлно. Жирэмсний болон төрөх үед цус сэлбэх тохиолдол гарч болзошгүй тул цусны бүлэг тодорхойлох шаардлагатай. Мэн эхийн цусны резус сөрөг байгаа эсэхийг магадлана.

Цусны ерөнхий шинжилгээ хийнэ. Энэ нь цус багадалтыг оношлох ач холбогдолтой.

Үтрээний наалдац буюу мазок:
Үтрээний үрэвсэл, төрөх замын халдварыг эрт илрүүлнэ.

Дотуур үзлэг:
Энэ шинжилгээгээр жирэмсний хугацааг тодорхойлно.

Цээжний рентген зураг буюу флюрография:
Уушгины эмгэгүүдийг эрт илрүүлэх боломжтой.

Бусад шинжилгээнүүдийг Таны биеийн байдал, жирэмсний явцаас хамаарч хийнэ
Дараагийн шинжилгээнүүдийг таны биеийн байдал, жирэмсний явцаас хамаарч хийнэ. Дээрх шинжилгээгээр таны биеийн ерөнхий байдлыг дүгнэж, бөөр, шээсний замын болон эмэгтэйчүүдийн өвчин, бэлгийн замын халдварууд, сүрьеэ, бусад өбчнууд байгаа эсэхийг тогтооно. Эдгээр эмгэгүүд жирэмсний болон төрөх үеийн хүндрэл үүсгэх аюултай байдаг. Иймээс та тухайн өвчнүүдийг аль болох эрт оношилж эмчлүүлэх нь чухал гэдгийг санана уу.

13-A маягт гэж юу вэ.?

Манай улсын эрүүл мэндийн тогтолцоо нь ерөнхийдөө 3 шат дамжлагаар  ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө үйлчилдэг гэж болно.
Хамгийн 1-р шатлал буюу доод шат болох сум, өрхийн эмнэлгүүд нь  анхан шатны тусламжийг  харьяа сум , хорооны иргэдэд үзүүлдэг.
Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэхэд та:
1.      Эрүүл мэндийн карттай байх
2.      Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ биедээ авч явах
Өрхийн эмч танаас  зовиур шаналгааг тань асууж, үзлэг хийсэн  тухайгаа таны картан дээр тань тэмдэглэл хөтөлж оношоо тавьж, эмчилгээ,  зөвлөгөөгөө бичдэг. Мөн шаардлагатай шинжилгээг төлөвлөн, шинжилгээний бичиг хийж өгөн дүүргийн лабораторит явуулна. Харин  анхан шатанд оношлох эмчлэхэд бэрхшээлтэй буюу нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүмүүсийг 2-р шатлал буюу харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлрүү  илгээдэг. Энэ шатанд очиж үйлчлүүлэхэд танаас  ямар нэг маягт шаардахгүй бөгөөд та:
1.      Өвчний  мэдээллэл, оношийг тэмдэглэдэг карттай байх. Картан   дээрээ  өрхийн  эмч таныг 2-р шатлалруу илгээсэн буюу   нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвшөөрсөн тэмдэглэл хөтөлсөн  байх ёстой бөгөөд таны картан дээр бичсэн өрхийн эмчийн тэмдэглэлийг үндэслэн  дүүргийн эмч үзлэг хийдэг.
2.      Энэ тохиолдолд иргэний  үнэмлэхээ биедээ авч явах, эрүүл мэндийн даатгалын  дэвтрээ заавал таглуулсан байх ёстой. Хэрэв  ЭМД дэвтрээ таглуулаагүй юмуу дэвтрээ мартсан, хаясан гээсэн тохиолдолд  та  2-р шатлалын эмнэлэгээр  төлбөртэй үйлчлүүлэх хэрэгтэй болно гэсэн үг.
Дүүргийн эмч танд үзлэг шинжилгээ хийж эмчилгээ бичиж өгөх ба гэрээр буюу өрхийн эмчийн хяналтанд эмчлэхэд бэрхшээлтэй  өвчин эмгэгтэй тохиолдолд дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлж эмчилдэг. Хэвтэж эмчлүүлэх хугацаа дунджаар 7-10 хоног. Зарим үед таныг биеийн байдлыг үндэслэн орны очер дугаарт оруулж болно.  Учир нь хэвтдэг эмнэлгийн ачаалал их байдаг ба таньтай адилхан  өвчтэй олон хүмүүс үйлчлүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд та хэсэг хугацаанд гэрээр эмчилгээ хийгдэж байгаад эмчийн товлосон хугацаанд  хоцрохгүй ирж хэвтэх шаардлагатай.
Харин 2-р шатлалын эмнэлэгт оношлох, эмчлэхэд бэрхшээлтэй  хүнд эмгэг юмуу эсвэл төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн тусламж шаардлагатай  үйлчлүүлэгчийг  3-р шатлалын эмнэлэг буюу  клиникийн төв эмнэлгүүд болох  бидний ярьж заншсанаар 1-р, 2-р, 3-р эмнэлгүүд  болон бусад клиникийн эмнэлгүүдрүү илгээдэг. Энэ тохиолдолд та ямар бичиг баримт бүрдүүлсэн байх ёстой вэ гэвэл:
1.      Энэ тохиолдолд иргэний  үнэмлэхээ биедээ авч явах, эрүүл мэндийн даатгалын  дэвтрээ заавал таглуулсан байх ёстой. Хэрэв  ЭМД дэвтрээ таглуулаагүй юмуу дэвтрээ мартсан, хаясан гээсэн тохиолдолд  та  3-р шатлалын эмнэлэгээр  төлбөртэй үйлчлүүлэх хэрэгтэй болно гэсэн үг.
2.      2-р шатлалын эмнэлгээс  3-р шатлалын эмнэлэгрүү илгээх хуудас буюу 13-А маягт заавал авсан байх шаардлагатай. Клиникийн эмнэлгүүдэд  энэ маягтын үндэслэн танд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болно.