Sunday, August 21, 2011

13-A маягт гэж юу вэ.?

Манай улсын эрүүл мэндийн тогтолцоо нь ерөнхийдөө 3 шат дамжлагаар  ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө үйлчилдэг гэж болно.
Хамгийн 1-р шатлал буюу доод шат болох сум, өрхийн эмнэлгүүд нь  анхан шатны тусламжийг  харьяа сум , хорооны иргэдэд үзүүлдэг.
Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэхэд та:
1.      Эрүүл мэндийн карттай байх
2.      Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ биедээ авч явах
Өрхийн эмч танаас  зовиур шаналгааг тань асууж, үзлэг хийсэн  тухайгаа таны картан дээр тань тэмдэглэл хөтөлж оношоо тавьж, эмчилгээ,  зөвлөгөөгөө бичдэг. Мөн шаардлагатай шинжилгээг төлөвлөн, шинжилгээний бичиг хийж өгөн дүүргийн лабораторит явуулна. Харин  анхан шатанд оношлох эмчлэхэд бэрхшээлтэй буюу нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүмүүсийг 2-р шатлал буюу харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлрүү  илгээдэг. Энэ шатанд очиж үйлчлүүлэхэд танаас  ямар нэг маягт шаардахгүй бөгөөд та:
1.      Өвчний  мэдээллэл, оношийг тэмдэглэдэг карттай байх. Картан   дээрээ  өрхийн  эмч таныг 2-р шатлалруу илгээсэн буюу   нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвшөөрсөн тэмдэглэл хөтөлсөн  байх ёстой бөгөөд таны картан дээр бичсэн өрхийн эмчийн тэмдэглэлийг үндэслэн  дүүргийн эмч үзлэг хийдэг.
2.      Энэ тохиолдолд иргэний  үнэмлэхээ биедээ авч явах, эрүүл мэндийн даатгалын  дэвтрээ заавал таглуулсан байх ёстой. Хэрэв  ЭМД дэвтрээ таглуулаагүй юмуу дэвтрээ мартсан, хаясан гээсэн тохиолдолд  та  2-р шатлалын эмнэлэгээр  төлбөртэй үйлчлүүлэх хэрэгтэй болно гэсэн үг.
Дүүргийн эмч танд үзлэг шинжилгээ хийж эмчилгээ бичиж өгөх ба гэрээр буюу өрхийн эмчийн хяналтанд эмчлэхэд бэрхшээлтэй  өвчин эмгэгтэй тохиолдолд дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлж эмчилдэг. Хэвтэж эмчлүүлэх хугацаа дунджаар 7-10 хоног. Зарим үед таныг биеийн байдлыг үндэслэн орны очер дугаарт оруулж болно.  Учир нь хэвтдэг эмнэлгийн ачаалал их байдаг ба таньтай адилхан  өвчтэй олон хүмүүс үйлчлүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд та хэсэг хугацаанд гэрээр эмчилгээ хийгдэж байгаад эмчийн товлосон хугацаанд  хоцрохгүй ирж хэвтэх шаардлагатай.
Харин 2-р шатлалын эмнэлэгт оношлох, эмчлэхэд бэрхшээлтэй  хүнд эмгэг юмуу эсвэл төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн тусламж шаардлагатай  үйлчлүүлэгчийг  3-р шатлалын эмнэлэг буюу  клиникийн төв эмнэлгүүд болох  бидний ярьж заншсанаар 1-р, 2-р, 3-р эмнэлгүүд  болон бусад клиникийн эмнэлгүүдрүү илгээдэг. Энэ тохиолдолд та ямар бичиг баримт бүрдүүлсэн байх ёстой вэ гэвэл:
1.      Энэ тохиолдолд иргэний  үнэмлэхээ биедээ авч явах, эрүүл мэндийн даатгалын  дэвтрээ заавал таглуулсан байх ёстой. Хэрэв  ЭМД дэвтрээ таглуулаагүй юмуу дэвтрээ мартсан, хаясан гээсэн тохиолдолд  та  3-р шатлалын эмнэлэгээр  төлбөртэй үйлчлүүлэх хэрэгтэй болно гэсэн үг.
2.      2-р шатлалын эмнэлгээс  3-р шатлалын эмнэлэгрүү илгээх хуудас буюу 13-А маягт заавал авсан байх шаардлагатай. Клиникийн эмнэлгүүдэд  энэ маягтын үндэслэн танд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болно.

No comments:

Post a Comment