Tuesday, September 27, 2011

Гэр бүл төлөвлөлт гэж таны бодлоор юу вэ?

Гэр бүл төлөвлөлт гэдэг нь

Гэр бүлийн хосууд хэдэн хүүхэдтэй болох, төрөлт хоорондын зай, хугацаагаа чөлөөтэй сонгож шийдэх, жирэмслэлтээс хамгаалах аюулгүй үр дүнтэй аргуудаас өөрт тохирохыг сонгон хэрэглэхийг хэлнэ.

Бэлгэвч

-Жирэмслэхээс хамгаалахаас гадна тогтмол зөв хэрэглэсэн үед БЗДХ/ХДХВ/ДОХ-ын халдвар дамжихаас давхар хамгаалдаг.

-Хэрэглэхэд хялбар эрэгтэй ба эмэгтэй бэлгэвч гэж байдаг

-Тогтмол зөв хэрэглэсэн тохиолдолд үр дүнтэй

-Зарим хүмүүс бэлгэвч хэрэглэх нь таашаал бууруулах бэлгийн харилцаанд саад учруулдаг гэж үздэг .

Тариа

Давуу тал: Хөхний сүүний гарц, чанарт нөлөөлөхгүй

- Аль ч насны эмэгтэйчүүдэд хэрэглэж болно.

- Төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ.

Тарианы үйлчилгээ:

- Өндгөвчнөөс эм бэлгийн эс гадагшлах процессийг саатуулж үр тогтохоос сэргийлнэ.

- Умайн хүзүүний салиаг өтгөрүүлж, эр бэлгийн эс нэвтрэх чадварыг бууруулна.

Хэрэглэх тохиолдол:

- Биений юм ирсний эхний 7 хоногийн дотор

- Төрсний дараа хөхүүл биш бол шууд, хөхүүл болм 6 долоо хоногийн дараа

- Үр хөндүүлсэн эсвэл зулбасаны дараа

- Жирэмслэхээс хамгаалах өөр аргыг хэрэглэхээ больсон даруйд хэрэглэж болно.

Хэрэглэх арга:

- 3 сар тутам давтан тариулна.

Илрэх гаж нөлөө:

- Толгой өвдөх, дотор эвгүйрэх, үс унах, бэлгийн дуршил буурах, батга гарах, биеийн жин нэмэгдэх, үтрээнээс цусархаг ялгадас гарах, биений юм үзэгдэхгүй болох зэрэг өөрчлөлтүүд зарим эмэгтэйд илэрч болно

Анхаарах зүйлс:

- 3 сар тутамд тариагаа давтан хийлгэх шаардлагатай

- Үр тогтох, жирэмслэх боломж харьцангуй удаан сэргэнэ

- Биений юмны өөрчлөлт ажиглагдана

Жирэмслэхээс хамгаалах дааврын хавсарсан эм

Эмийн давуу тал:

- Жирэмслэхээс 99% найдвартай хамгаална.

- Биеийн юмны мөчлөгийг тогтворжуулна.

- Биеийн юмны өвдөлтийг багасгана.

- Эмийг хэрэглэхээ больсон даруйд жирэмслэх боломжтой.

- Төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ.

Эмийн үйлчилгээ:

Дааврын хэмжээг өөрчилснөөр өндгөвчинд эм бэлгийн эсийг нэвтрэх боломжгүй болгоно.

Хэрэглэх арга: Дааврын хавсарсан эм нь 2 төрөл байдаг.

- 28 ширхэгтэй эмийн 21 нь даавар агуулсан байдаг. Бор шар өнгөтэй 7 эм нь цус төлжүүлэх төмрийн бэлдмэл. Эмийг биений юм ирсэн өдрөөс эхлэн өдөр бүр 1 шахмалаар ууна. Дараагийн мөчлөгт эмийг шууд залгуулж ууна.

- 21 ширхэгтэй эмийн шахмал бүр нь дааврын бэлдмэл агуулсан байдаг. Эмийг биений юмны эхний өдрөөс эхлэн өдөр бүр, нэг шахмалаар уугаад 7 хоног завсарлаж дараагийн мөчлөгийн эмийг үргэлжлүүлэн ууна.

Хэрэглэх тохиолдол: Үр хөндүүлсэн эсвэл зулбасны дараа шууд хэрэглэхэд тохиромжтой.

- Хөхүүл эхчүүд төрснөөс хойш 6 сарын дараа хэрэглэж болно.

Илрэх гаж нөлөө:

Зарим эмэгтэйчүүдэд эхний 2-3 сард бага зэрэг толгой өвдөх, эргэх, хөх чинэрч эмзэглэх, дотор эвгүйрэх биений юмны хооронд цусархаг зүйл гарах шинжүүд илэрч болно. Эхний үед зарим эмэгтэйчүүдийн биеийн жин нэмэгддэг ч 2-3 сарын дараа эргэж хэвийн байдалдаа ордог

- Анхаарах зүйлс: Эмийг өдөр бүр тогтмол цагт хэрэглэнэ. Эмийг хоол идсэний дараа унтахын өмнө уувал илрэх зовиурууд багасна.

- Та эмээ уухаа мартвал:

- Санасан даруйдаа 1 шахмалыг ууна. Дараагийн эмийг уух ёстой тогтсон цагтаа ууна. 2 ба түүнээс дээш эмийг уухаа мартсан бол эмчид хандан жирэмслэхээс хамгаалах өөр аргыг хослуулан хэрэглэнэ.

Ерөндөг

Давуу тал: Ерөндөг нь удаан хугацаагаар 10 жил жирэмслэхээс хамгаална.

- Хүссэн үедээ авахуулж болох ба авсны дараа жирэмслэх чадвар хурдан сэргэнэ.

- Бэлгийн харьцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй

Үйлчилгээ: даавар агуулсан ерөндөг умайн хүзүүний суваг болон үр дамжуулах хоолойн салиаг өтгөрүүлж эр бэлгийн эсийг нэвтрэх чадвар бууруулна.

Ямар эмэгтэйчүүдэд тохиромжтой вэ?

- Нөхөн үржихүйн замын үрэвсэлт өвчингүй

- Удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалах хүсэлтэй

- Дааврын эм хэрэглэх тохиромжгүй ахимаг насны эмэгтэйчүүд

- Төрсний дараа шууд хэрэглэхийг хүссэн эмэгтэйчүүд

Хэдийд тавиулж болох вэ?

- Жирэмсэн биш нь баталгаатай бол биений юмны мөчлөгийн аль ч үед

- Амаржсаны дараа 48 цагийн дотор, амаржснаас хойш 4-6 долоо хоногийн дараа

- Үр хөндөлт болон зулбалтын дараа шууд, эсвэл халдвар аваагүй тохиолдолд эхний 7 хоногийн дотор

- Ерөндгийг хамгаалалтгүй бэлгийн хавьталын дараа 5 хоногийн дотор тавиулж жирэмслэхээс сэргийлнэ.

Илрэх гаж нөлөө: Ерөндөг тавих үед хэвлийн доод хэсгээр базалж өвдөх, бага зэрэг цус гарах

- Эхний 3 сард биений юм их хэмжээтэй, удаан хугацаагаар үргэлжлэх, бага зэрэг өвдөлттэй ирэх шинж тэмдэг илэрнэ.

Анхаарах зүйл: Бэлгийн замаар дамжих халдвартай болон үрэвслийн үед хэрэглэхгүй

- Эмнэлгийн нөхцөлд, мэргэшсэн эмнэлгийн ажилтнаар ерөндөг тавиулах

- Ерөндөг тавиулсны дараа 3-6 долоо хоногийн дотор давтан үзүүлэх

- Ерөндгийн учиг нь алга болсон эсвэл богиноссон, уртассан санагдвал заавал эмчид үзүүлэхийг анхааруулья

Бусад жирэмслэхээс хамгаалах аргууд

- Суулгац:

Нэг буюу хэд хэдэн цагираг буюу капсулуудыг гарын бугалга дотор байрлуудаг.

- Умайн гуурсан хоолой боох

- Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах арга

- Бэлгийн харьцаанд орох бүртээ жирэмслэх боломжтойг санаж бай

No comments:

Post a Comment