
Жирэмсэн үеийн хооллолт
- Та жирэмсэн үедээ их хэмжээгээр хоол идэх биш, харин олон төрлийн чанартай хоолыг бага багаар ойрхон идэх хэрэгтэй.
- Уураг – хүүхдийн эд эрхтэн бүрэлдэх, булчингийн хөгжилд чухал үүрэгтэй. Уураг агуулсан хүнсний зүйлд үхэр, хонины мах, элэг, загас, сүү цагаан идээ, аарц, ээзгий, өндөг, вандуй, самар зэрэг орно.
- Өөх, тос – жирэмсэн эхийн бүх эрхтэн тогтолцооны ачаалал эрс нэмэгдэж, алдагдсан илчлэгийг хангах зорилгоор хэрэглэнэ. Амьтны гаралтай өөхийг бага хэрэглэж, ургамлын гаралтай тосыг илүүтэй хэрэглэх нь зүйтэй. Цөцгийн тос, самар, бяслаг, ээдэм, ээзгий, аарц зэрэг ашигтай.
- Амин дэм, эрдэс бодисууд – биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулж, бодисын солилцоо, эрхтэн тогтолцооны тогтвортой үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Үүнд: ургамлын гаралтай төрөл бүрийн хүнсний зүйл, жимс, сүү цагаан идээ, загас.
- Төмөр фолийн хүчил – цус төлжилтөнд голлох үүргийг гүйцэтгэж, төмөр дутлын цус багадалтаас сэргийлнэ.
- Иод – ургийн бие, тархи мэдрэлийн эрхтэн тогтолцооны хөгжилд нөлөөлнө. Хоол хүнсэндээ иоджуулсан давс хэрэглэснээр иод дутлын эмгэгээс сэргийлнэ.
Жирэмсэн үеийн хувцаслалт
- Цэвэрхэн, зөөлөн, сул чөлөөтэй, агаар орох хөвөн даавуун хувцас өмсөнө. Дээл, хантааз, бэлхүүсээрээ чөлөөтэй богино цамц, мөрөвчтэй өмд, урт биш даашинз байвал тохиромжтой.
- Хувцас нь цээж хэвлий бариагүй байх хэрэгтэй.
- Бүсэлхий хөл барьсан резинэн хувцас өмсөхөөс татгалз.
- Зөөлөн чийг татахгүй, намхан өсгийтэй гутал өмсөх хэрэгтэй.
- Хөхний даруулгыг жирэмсний туршид өмсөх ба төрөлт ойртох тусам хөхний хэмжээ томордог тул 2-3 ширхэг том хөхний даруулга байх хэрэгтэй.
- Жирэмслэлт ба тамхи, согтууруулах ундаа, эм
- Жирэмсэн үедээ та өөрөө тамхи татах эсвэл тамхины утаатай орчинд байх нь хэвлийдээ байгаа ургийг зориудаар хордуулахтай адил юм. Мөн жирэмсэн үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь чухал. Ингэснээр та архи, тамхины хор уршгаас хүүхдээ болон өөрийгөө хамгаалах болно.
- Жирэмсний хугацаанд хэрэглэсэн ихэнх эмүүд нь эхийн цусаар дамжин урагт нөлөөлдөг учраас өвчилсөн тохиолдолд та заавал эмчид үзүүлж, зөвхөн эмчийн зааврын дагуу эм, тариа хэрэглээрэй.
Жирэмслэлт ба БЗДХ/ХДХВ/ДОХ
БЗДХ/ХДХВ/ДОХ нь хамгаалалтгүй бэлгийн хавьтал, халдварлагдсан цус цусан бүтээгдэхүүн, халдвартай эхээс урагт, хөхний сүүгээр хүүхдэд халдварладаг. Та энэ өвчний талаар мэдлэгтэй байж, халдвар авахаас сэргийлж, жирэмсний хугацаанд БЗДХ/ХДХВ/ДОХ-ын шинжилгээ өгөх хэрэгтэй.
Жирэмсэн үед илрэх эмгэг шинжүүд , авах арга хэмжээ
- Хордлогын шинжүүд
- Цээж хосох
- Нойргүйдэл
- Өтгөн хаталт
- Шөрмөс татах
Нийт жирэмсэн эмэгтэйн 84% нь хордлогтой байдаг. Эхэн үеийн хордлого нь 6-14долоо хоногиййн дотор ихэвчлэн үргэлжилдэг.
Хордлогын шинж тэмдгийг хэрхэн багасгах вэ?
- Ойр ойрхон бага багаар хооллох /аль болох ходоодоо хоосон байлгахгүй байх/
- Бөөлжис цутгуулах хоол хүнснээс татгалзах
- Өглөө орноосоо аажуухан босох / хэсэг хугацаанд орон дээрээ өндийж суух/
- Өөрийгөө аль болох тайван байлгах
- Газтай ундаа уухгүй байх
- Хоол идэхдээ хэт халуун биш уур нь дарагдсан хойно бүлээнээр идэх
- Өөх тос ихтэй хоол хүнснээс татгалзах
- Хэт амтлагч ,халуун ногоотой, шарсан хуурсан хоол нь ходоодыг цочроодог байна
- Шингэн зүил /ус/ хоолны завсраар бага багаар уух
- Олон дахин бөөлжиж байгаа тул зарим эрдэс нөхөх шаардлагтай/ кали, давс, глюкоз/
- Эвгүй үнэртэй тээврийн хэрэгсэл, тамхитай орчинд байхаас татгалзсан нь дээр
Цээж хорсох
- Бага багаар хооллох
- Өөх тос, хэт чихэрлэг, эсгэлэн, дарсан, амтлагчтай хоолноос татгалзах
- Архи тамхи хэрэглэхгүй байх
- Сүү бага багаар балгаж уух
- Сармис түүхийгээр нь зажлах
- Цайны хужир хэрэглэх
- Хоолны дараа бохь зажлах
- Хэт оройтож хооллохгүй байх
- Унтахдаа цээжин хэсгээ өндөрлөх /алсуураа өндөр дэрэн дээр унтах/
- Хар чавга, хүрэн манжин хэрэглэх
- Хоол идсэний дараа 30-40мин хэвтэхгүй байх
- Хэт бие барьсан хувцас өмсөхгүй байх
Цээж гашуу оргисон үед шүлтлэг хүнс идэх, үүнд:
- Цөцгий
- Ээзгий
- Омлет
- Цэвэр ургамлын тос
- Улаан буудайн хивэг
Нойргүйдлээс сэргийлэх
- Зөгийн балтай сүү уух
- Унтахын өмнө сонин сэтгүүл ном унших
- Унтахын өмнө халуун банн-д суух
- Өдөртөө хөнгөн чанарын дасгал хийх
- Толгой хүзүүндээ иллэг хийлгэх
- Унтахдаа дэр нэмж хэрэглэх/хажуу талаараа унтдаг бол 2 гуяны завсар дэр хийх/
- Унтахын өмнө их хэмжээний шингэн уух нь шөнө босч бие засахад хүргэнэ.Сэрснээр нойр хулждаг.
Өтгөн хаталт
Нийт жирэмсний 30-40% илэрдэг шинж.
- Өдөрт ойролцоогоор 1-1.5 литр шингэн уух /буцалсан ус/
- Хоолондоо шинэ жимс, хүнсний ногоо ихээр хэрэглэх
- Алимыг сайтар угаасны дараа хальстай нь идэх /2ш/
- Хүнсний хивэг хэрэглэх
- Тодорхой хэмжээгээр дасгал хийх
- 1 халбага цэвэр ургамлын тос уух
- Ойрхон бие засч байх
- Төмрийн бэлдмэлийг уухдаа хоолны дараа их хэмжээний усаар даруулж уух
- Цагаан гурилаар хийсэн хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах
- Удаан хугацаагаар суудаг ажил хийхээс татгалзах
- Шөлтэй хоол түлхүү хэрэглэх
- Хатаасан чавга, илжгэн чих, чангаазаар хийсэн компотийг тодорхой хэмжээгээр хэрэглэх нь зүгээр.
Мөн өтгөн хаталт үргэлжилсэн хэвээр байвал эмчтд хандах
Шөрмөс татах
Энэ шинж нь ихэвчлэн кали, кальци, Д витамин дутагдах, хэт их ачаалалтай ажиллах үед илэрдэг байна
- Шөрмөс татах үед гараараа зөөлөн иллэг хийх
- Өвдөлт намдсаны дараа цусны эргэлт сайжруулахын тулд хэсэг хугацаанд алхах
- Хөлийн тавхайг хойш гэдийлгэх/ ингэснээр булчин суллаж тайвшруулдаг/
- Кальциар баялаг хоол хүнс хэрэглэх
- Д аминдэм хангалттай авч байх/ өдөрт 30-40мин наранд явах/
- Хоол хүнсэндээ сармис түлхүү хэрэглэх
- Удаан хугацаагаар зогсоо ажил хийхгүй байх
- Хэт ядрахаас зайлсхийх
- Зөв амрах
Жирэмсний аюултай шинжүүд
Жирэмсний эхний буюу сүүлийн хагаст:
- Үтрээнээс цус гарах
- Толгой өвдөх, шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх
- Хэвлийн доод хэсгээр базалж өвдөх
- Аюулхай орчим өвдөх
- Гар хөл нүүр хэвлийгээр хавагнах, шээс хөөсөрч гарах
- Таталт
- Үтрээнээс тунгалаг эсвэл ногоон зунгагт шингэн зүйл гарах
- Ургийн хөдөлгөөн мэдрэгдэхээ болих зэрэг шинж тэмдгийн аль нэг илэрвэл эмчид яаралтай үзүүлээрэй.
Төрөлт эхэлж байгааг яаж мэдэх вэ?
Төрөлт эхлэхээс 10-14 хоногийн өмнө хүүхэд доошилж, амьсгалахад чөлөөтэй болж, бие хөнгөрөх мэт мэдрэмж төрнө. Төрөлт дөхөж байгааг дараах шинжүүдээр мэдэж болно.
- Ууц нуруугаар чилж өвдөнө
- Давсаг дарагдсанаас ойр ойрхон шээс хүрч, шөнө босч хэд хэдэн удаа шээнэ
- Доошоо бага зэрэг салсархаг зүйл буюу салиа, заримдаа цусан судалтай гарна
- Хэвлийн доод хэсгээр чангарч, бага зэрэг базлалт өгнө
Төрөх үеийн өвдөлтийг багасгаж болох уу ?
Төрөлт ойртохын хирээр өвдөлт улам ихэснэ. Төрөлт гэж юу болох талаар мэддэг бол сэтгэл зовоод байх зүйлгүйгээр өвдөлтөөс зайлсхийж болно. Өөрийгөө хянаж удирдах чадваргүй, төрөлтийн тухай мэдлэггүй,сэтгэлийн хөдөлгөөн ихтэй эмэгтэйчүүд өвдөлтийг илүү мэдэрдэг. Иймээс төрөлтийн үед биеэ суллах, тайван итгэлтэй байх, амьсгалаа зохицуулж сурах хэрэгтэй. Базлалтын үед амьсгалаа зөв зохицуулж, өвдөлтийн үед өөрийн амьсгалд анхаарлаа төвлөрүүлж сурснаар та өвдөлтийг мэдрэх мэдрэмжээ багасгаж чадна. Биеэ суллах, амьсгалаа зохицуулах, биеэ эвтэйхэн байрлалд байлгах нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Жишээ нь: зарим эмэгтэй өвдгөөр сууж юм түших, зарим нь урагш хойш хөлхөж хөдлөх зэргээр өвдөлтийг хөнгөвчилдөг.
Төрсний дараа эхэд илрэх аюултай шинж тэмдэг:
- Арьс салст цайх
- Халуурах
- Хэвлийн доогуур өвдөх
- Толгой өвдөх, нүд бүрэлзэх, шилэн хүзүү хөших
- Шавхарга ихээр гарах, эвгүй үнэртэй болох зэрэг шинж тэмдгийн аль нэг илэрвэл эмчид яаралтай үзүүлээрэй.
Хөхөө хэрхэн арчлах, хөхөө зөв амлуулах
Та хөхөө зөв арчилж сурвал хөхний товч хагарах, улмаар хөхөнд халдвар орохоос сэргийлнэ. Хөхөө арчлахад:
- Нэг удаагийн хөхөлтөөр хоёр хөхөө сулартал хөхүүлнэ. Хэрэв сүү ихтэй байвал сүүгээ сааж, хөхөө суллана.
- Хүүхдээ хөхүүлэхийн өмнө болон дараа хөхөө бүлээн усаар угааж, зөөлөн даавуугаар хуурай болтол арчина.
Хөхөө зөв амласныг дараах 4 шинж илтгэнэ:
- Хүүхэд амаа том ангайсан
- Доод уруул нь гадагш цорвойсон
- Доод эрүү эхийн хөхөнд хүрсэн
- Хөхний нөсөөт хэсгийн ихэнхийг үмхсэн ба дээд уруулын дээд талд нөсөөт хэсэг илүү харагдана.
Гэр бүл төлөвлөлт
Арга | Хөхний сүүнд нөлөөлөх | Хэзээ хэрэглэх | Яаж хэрэглэх |
Бэлгэвч | Үгүй | Бэлгийн харьцаанд орох бүрдээ | Бэлгийн хавьталд орохоос өмнө эр бэлэг эрхтэнд углаж хэрэглэнэ |
Депопровера тариа | Сүүний гарц нэмэгдэнэ. | Төрснөөс хойш 6 долоо хоногийн дараа | Өгзөг эсвэл бугалганы булчинд 3 сард 1 удаа тарина |
Ерөндөг | Үгүй | Төрснөөс хойш 3 сарын дараа | Эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмчээр тавиулна |
Дааврын хавсарсан эм | Сүүний гарц багасна | Төрснөөс хойш 6 сарын дараа | Өдөр бүр тогтмол ууж хэрэглэнэ. |
Суулгац | Сүүний гарц нэмэгдэнэ. | Төрснөөс хойш 6 сарын дараа | Бугалганы дотор талд арьсан доор суулгана. |
Б. Оюунсувд
No comments:
Post a Comment