Thursday, February 14, 2013
Сэрэмжлүүлэг
Эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг бүр үр хөндөлт хийх эрхтэй биш байдаг. Хэрэв биений юм ирэх хугацаанаас 7 хоног хэтэрвэл та жирэмсэн болсон эсэхээ заавал тодруулаарай. Үүнд:
· Шээсэнд сорил тавих
· Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх
· Чанд авиан шинжилгээ хийлгэх /Эхография/
Жирэмснээ эрт илрүүлснээр хүүхдээ тээж төрүүлэх эсэхээ шийдэх боломжтой болно.
Үр хөндүүлэхдээ:
· Жирэмсний эрт хугацаанд үр хөндүүлэх
· Үр хөндөлтийг аюулгүй хийх эмнэлгийг сонгох
· Үр хөндөлтийн хүндрэлийн шинжүүд илэрвэл эмчид яаралтай хандах
· Үр хөндүүлсний дараа жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийг заавал хэрэглэх
Үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх
· Жирэмслэхээс хамгаалах хэрэгслийг хэрэглэж занших
· Бэлгийн хавьтагчтайгаа илэн далангүй харьцаж бие биенийгээ ойлгох.
Аюултай үр хөндөлт
Үр хөндөлт хийх хугацаа хэтэрсэн /12 долоо хоногоос дээш/
эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангаагүй, үр хөндөлт хийх зөвшөөрөлгүй эмнэлэгт эсвэл зориулалтын бус газар, мэргэжлийн бус хүн жирэмснийг таслах ажилбар хийхийг аюултай үр хөндөлт гэнэ. Аюултай үр хөндөлтийн улмаас эмэгтэйн эрүүл мэнд ,амь насанд аюул учрах нь элбэг байдаг.
Сүүлийн үед үр зулбуулах баталгаагүй эмийг худалдааны захаас худалдан авч эмчийн хяналтгүйгээр хэрэглэн, үр зулбуулах эмийн болон бүрэн бус зулбаснаас дагалдан гарах хүндрэлүүдийн улмаас амь насаа алдах тохилдлууд гарсаар байна. Аюултай үр хөндөлтийн арга замыг сонгож буй эмэгтэйчүүд нь ихэвчлэн гэр бүл, ойр дотныхноосоо нууж цаг алдан, хэт хүндэрсэн хойноо эмнэлэгт ханддаг гашуун түүх тохиолдсоор байна. Дараах цөөн тохиолдлуудыг сэрэмжлүүлэх үүднээс толилуулж байна.
Тохиолдол 1. Эмэгтэй “Н” 31 настай, хувиараа бизнес эрхэлдэг. Хувийн эмнэлгээс “Зулбуулдаг эм”-ийг авч уусан. Үр зулбасны дараа тархины судасны цүлхэн эмний нөлөөгөөр хагарч, ухаангүй эмнэлэгт хүргэгдэн насбарсан.
Тохиолдол 2. Эмэгтэй “Г” 28 настай. Захаас үр зулбуулдаг эм худалдан авч уусан. Үр бүрэн зулбаагүй, эхэс үлдэн эмнэлэгт хандаагүй олон хоносоноос халдварлагдан маш хүнд байдалтай эмнэлэгт ирж, мэс засал хийсэн боловч хэт хүндэрсэн, хэт оройтож тусламж авсан тул нас барсан.
Тохиолдол 3. Эмэгтэй “Б” 34 настай. 4 сартай жирэмснийг эмнэлгийн бус нөхцөлд таслах оролдлого хийлгэсний улмаас халдварлагдан, хүндэрч нас барсан. Жирэмсний хугацаа томорсон байх тусмаа эрүүл мэнд амь нас хохирох аюултай.
Үр хөндүүлсний дараа:
1. Их хэмжээний цус алдах эсвэл бага хэмжээгээр удаан хугацаагаар цус гарах
2. Хэвлийн доогуур хүчтэй өвдөх
3. Халуурах
4. Бие сульдах,
5. Дотор муухайрч, ухаан балартах зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай.
Жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн аргыг өөрийн эмчтэйгээ харилцан ярилцаж, оновчтой аргыг сонгон хэрэглэснээр үр хөндөлтөөс найдвартай хамгаална.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment