Sunday, November 3, 2013

Сагсан бөмбөг 2013 тэмцээн

 Чингэлтэй дүүргийн ӨЭМТ-үүдийн дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Шилжин явах цомийн төлөөх тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнийг манай 12-р хорооны Шэжиддүг ӨЭМТ-ийн хамт олон зохион байгууллаа. Учир нь өнгөрсөн жилийн цомийг манай хамт олон хүртсэн билээ. тэмцээнд 5 баг оролцож 1-3 р байрийн эздийг тодруулж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
1- байр - 10,19,11 хорооны баг
2-р байр- 1-3,18 хорооны баг
3-р байр- 8,16,17 хорооны баг тус эзэлсэн юм.




Wednesday, August 28, 2013

Зарлал

     2013 оны 08 сарын 29 өдөр 9-16 цагийн хооронд ӨЭМТ дээр ахмадын эмч нарын үзлэгтэй тул 12-р хорооны ахмадууд өргөнөөр үйлчлүүлнэ үү!
                                              ШЭЖИДДҮГ ӨЭМТ

Thursday, August 8, 2013

ЭХИЙН СҮҮНИЙ АЧ ТУС


  Эхийн сүү маш их ач тустай гэдгийг хүн бүр мэддэг ч, яг юунд сайн гэдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Эхийн сүү нь лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай  элементээс бүрдсэн найрлагатай бөгөөд хүүхдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд зориулагдан найрлага нь байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг байна.

Эхийн сүү нь өөрийнхөө хүүхдэд л тусгай зориулагдсан байдаг хэмээн мэргэжлийн эмч нар онцолж, эхийн сүүний 12 ач тусыг ийнхүү жагсаасан байна.
1. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хувьд хамгийн сайн хоол дангаараа эхийн сүү юм : Хүний амьдралын эхийн 6 сарын туршид өөр ямар нэгэн нэмэлт хоол тэжээлийн шаардлагагүйгээр түүний бүхий л хэрэгцээг эхийн сүү дангаараа хангаж чаддаг. Энэ үед хүүхдэд нэмэлтээр уулгах ганцхан дэмжлэг бол Д аминдэм юм…
2. Ээж бүрийн сүү нь өөрийн хүүхдэдээ тусгай үйлчилгээтэй : Эхийн сүүнд үнээний сүүнд байдаггүй, лабораторийн нөхцөлд боловсруулах боломжгүй 100 гаруй нийлмэл элемент агуулагддаг байна. Түүнчлэн эхийн сүү орлуулагч /хайрцаг, шилтэй бэлэн бүтээгдэхүүн/-аас ялгаатай нь эхийн сүү хүүхдийнхээ хэрэгцээг даган найрлагаа байнга өөрчлөн, шинэчилж байдаг. Жишээ нь: Эхийн сүүний өглөөний найрлага нь оройныхоосоо, нэг сартай хүүхдийн сүүний найрлага нь долоо сартайгийнхаасаа өөр байдаг байна. Мөн дутуу төрсөн хүүхдийн эхийн сүүний найрлага нь хугацаандаа төрсөн хүүхдийнхээс өөр байдаг нь тогтоогдсон байдаг.
3. Амархан шингэдэг : Эхийн сүү бол нярай хүүхдийн дөнгөж хөгжиж буй, эмзэгхэн хоол боловсруулах системд яг тохирсон. Эхийн сүүнд агуулагддаг уураг, тос нь үнээний сүүнийхнтэй харьцуулахад илүү амархан шингэдэг. Ерөнхийдөө эхийн сүүгээр хооллодог хүүхдэд өтгөн хаталт, шингэн алдалт бараг илэрдэггүй. Дан ганц эхийн сүүгээр хооллож байх нөхцөлд бүрэлдэн бий болдог гэдэсний өнгөр нь элдэв үрэвсэл, шингэн алдахаас хамгаалж байдаг байна.
4. Илүү бага натри (давс), уураг: Эхийн сүүний найрлаган дахь давс, уураг нь үнээнийн сүүнд байдгаас хамаагүй бага байдаг учир дөнгөж төрсөн хүүхдийн хөгжиж буй бөөрний шүүх чадварт нийцдэг.
5. Илүү бага харшлах эрсдэл : Эхийн сүүгээр хооллодог нярай хүүхдийн хувьд эхний 6 сардаа болон нэмэлт хоолонд орох үед нь ч тэр хоол хүнсний тал дээр ямар нэгэн харшил өгөх нь угжны хүүхэдтэй харьцуулахад харьцангуй бага байдаг байна.
6. Илүү их кальци ба төмрийн шимэгдэл: Эхийн сүүнд агуулагддаг кальци, төмөр зэрэг нь үнээний сүүний найрлагатай эхийн сүүний орлуулагчтай харьцуулахад илүү сайн шимэгдэж, хүүхдийн цусны эргэлтийн системд шилждэг байна. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд төмрөөс үүдэлтэй цус багадалт төдийлөн илэрдэггүй.
7. Арьсанд нөлөө: Эхийн сүүгээр хооллодог хүүхэд шээс, баасандаа илүү бага түлэгддэг.
8. Дархлааг сайжруулдаг: Эхийн сүү бол хүүхдийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг дархлааны анкор хэмээх бодисыг дамжуулж дархлааны системийг нь сайжруулж байдаг. Эхийн сүүгээр хооллодог хүүхдэд чихний үрэвсэл, ханиад зэрэг өвчнөөр бага өвчилдөг, эмнэлэгт хэвтэхээр нян бактерийн гаралтай өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг.
9. Хэт таргалалтаас хамгаалдаг : Эхийн сүү нь хүүхдийг насанд хүрсэн хойно нь ч гэсэн хэт таргалалтаас хамгаалдаг.
10. Сэтгэлзүйн хөгжилд ач тустай : Эхийн сүүгээр хооллох явцад эх-хүүхдийн хооронд дотны нандин холбоос үүсч байдаг. Энэ нь хүүхдийг сэтгэлзүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлж, эх-хүүхдийн холбоосыг бэхжүүлж өгдөг.
11. Эхийн сүү байнга бэлэн байдаг : Үргэлж хэрэглэхэд бэлэн, ариутгагдсан, байнга бүлээхэн байдаг. Хүүхдэд хэрэгцээтэй үед хаана ч, хэзээ ч бэлэн байдаг. Хамгийн чухал нь үнэ төлбөргүй.
12. Эхийг хамгаалж байдаг : Хөхүүл эхчүүдийг хөхний болон савны хавдраас бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад илүү сайн хамгаалж байдаг.
2 нас хүртэл нь хүүхдийг эхийн сүүгээр хооллох хэрэгтэй
Хүүхдийг төрсний дараах эхний 6 сард дан ганцхан эхийн сүүгээр хооллож, 6 сараас нь хойш нэмэлт хоолонд оруулах хэрэгтэй. Нэмэлт хоолонд дасгах явцад үндсэн хоол нь эхийн сүү байх бөгөөд хүүхэд 1 нас хүрэхэд хүүхдийн хоолны 30 хувийг эхийн сүү эзэлж байх ёстой. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээллэж байгаагаар хүүхдийг эхийн сүүгээр хоол тэжээлийнх нь зэрэгцээ 2 нас хүртэл нь хооллохыг зөвлөдөг.

Wednesday, July 10, 2013

Баяр наадмын өдрүүдийн хуваарь

[emneleg.jpg]2013 оны 07 сарын 10-14 ны өдрүүдэд Өрхийн Эрүүл мэндийн төв 10-16 цагийн хооронд ажиллана.

Та бүхэн сайхан наадаарй!


Monday, July 1, 2013

Рашаан сувиллын газрууд ямар үнэтэй вэ


Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд сувилалд явж эрүүлжихийг эрхэмлэдэг болсон. Хэрэв та ямар сувиллын газар очихоо хараахан шийдээгүй байгаа бол бид танд дараахь мэдээллийг хүргэж байна.

Аварга тосон сувилал нь зургадугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 16-ны хооронд буюу улирлын байдлаар ажилладаг. Нэг ээлчинд 60-250 хүн хүлээн авах хүчин чадалтай. Хоногийн төлбөр 29,800-55,800 төгрөг. Долоо хоногт гурван удаа автобусаар үйлчилдэг бөгөөд зардал хоёр талдаа 30,000 төгрөг.

Ар жанчивлангийн рашаан жилийн аль ч улиралд байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 150-300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн 10900, даатгалгүй бол 15900 төгрөгийн төлбөртэй. Долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт “Тэнгис” кинотеатрын урдаас 11.00 цагт автобус явдаг. Нэг талын зардал 3000 төгрөг.

Хужиртын халуун рашаан байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 350-600 хүн хүлээн авна. Энгийн өрөөнүүд хоногийн 13000–17000 төгрөгийн төлбөртэй, хагас люкс 25000 төгрөг, люкс өрөө 30000 төгрөг. Эрүүл мэндийн даатгалгүй бол хоногийн 5000 төгрөгийн нэмэлттэй. Хужирт рашаан руу Даваа, Лхагва, Баасан гарагуудад зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс өглөөний 8 цагт автобус явна.

Шаргалжуут рашаан сувилал нь байнгын ажиллагаатай, нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай. Төлбөр нь 28,500-55,500 төгрөг. Үүнд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт орсон. Улаанбаатар хотоос долоо хоногт гурван удаа автобус явдаг бөгөөд зардал хоёр талдаа 64000 төгрөгийн үнэтэй.

Могойт рашаан сувилал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын гуравдугаар баг Могойтын аманд байрлах ба рашаан эмчилгээний 32 ортой. Хоногийн 20000-35000 төгрөг.

Отгонтэнгэрийн рашаан сувилал зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг.

Оргил рашаан сувилал байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авдаг. Хоногийн төлбөр Эрүүл мэндийн даатгалтай бол 13500 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй, хаяг зөрсөн бол 18000 төгрөг бөгөөд илгээмж бичигт заасан өдөр ирэх ёстой гэсэн шаардлага тавьдаг байна.

Sunday, June 16, 2013

Нас дагаж гарах биеийн үйл ажиллагааны өөрчлөлтүүд

Хоол боловсруулах замын эрхтний тогтолцоо

-Улаан хоолойн сфинктерийн үйл ажиллагаа сулардаг

-Ходоодны хөдөлгөөн удааширна

-Хүчил ялгаруулалт багасна

-Бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдана.Энэ сулрал нь хүнсний эслэг, шингэний хэрэгцээ, өтгөн ялгаралтанд нөлөөлдөг өвчтнүүд тархины цс харвалт, паркинсонизм зэргээс  байж  болно.

Өтгөн хатаах эмийн бодис / хөнгөн цагаантай антацид, төмөр, кальци/ , опийн бүлгийн эмнүүд, өвчин намдаах үрэвслийн эсрэг дааврын бус эм, даралт бууруулах, кальцийн сувгийн хориглогч / клонидин /,антихолинолитик, 3 цагирагт антидепрессант, нейролептик, агшилт тавиулах эмнүүд, симпатомиметик зэрэг эмийн хэрэглээнээс болно.


Зарим үед өтгөнөө барьж чадахгүй байх нь хунигч булчингийн тонусны сулрал, танин мэдэхүйн өөрчлөлт, гэдэсний халдварууд, туулгах эм, дисбактериоз, дигоксины хордлого зэргээс болно


Шим тэжээлийн шимэгдэлт алдагддаг /төмөр/.
Элэгний хэмжээ, цусан хангамж, бодисын солилцоо, элэгний исэлдэлт, гидролизжилт багасна. Энэ нь эмийн хувирал дээр ихээхэн ажиглагддаг. /Пропроналол, тайвшруулах эм, сэтгэл гутралын эм /
Элэгний нас дагаж гарч байгаа өөрчлөлтүүдэд эмийн хэрэглээ, буруу хооллолт зэрэг нөлөөлнө.

Бөөр, шээс ялгаруулах эрхтний тогтолцоо
Шээсний хувийн жин буурна.
Түүдгэнцрийн болон сувганцрын үйл ажиллагаа багасна.
Түүдгэнцрийн шүүлт багасна.
Бөөрний үйл ажиллагааны сулрал нь  эмийн бодис бөөрөөр ялгарах хурдыг удаашруулж, хагас задралын хугацааг ихэсгэнэ./Цимедитин, аминоглюкозид, дигоксин, прокайнамид, пенициллин гэх мэт/

Бөөрөөр ялгарах креатинин багасч, булчингийн жин  багассанаас креатинин багасна. Энэ нь ус давсны
солилцоог алдагдуулах нөхцөл болдог.
Натри ихэссэн үед сэтгэн бодох үйл ажиллагаа хямарна.
Цусанд  натри багасах, кальци ихсэх,  усгүйжих нь настай хүнд хордлого болоход нөлөөлнө.
Цусанд ренин, альдостерон 30-50% багасахад гиперкалиеми болно.

Амьсгалын эрхтний тогтолцоо
Хэнхэрцэг яс, булчингийн тогтолцоонд тэжээлийн болон бүтцийн өөрчлөлт болно
Хавирга завсрын болон өрцний булчингийн ширхэгт бүтцийн өөрчлөлт болно
Нуруу муруйж бөгтийнө
Уушигны агааржилт багасна.
Гуурсан хоолойн булчин агшина
Гуурсан  хоолойн хучуур эд, салстын булчирхайн өөрчлөлтөөс бронхийн гүрвэлзэх хөдөлгөөн, ханиах
рефлекс суларна.
Гуурсан  хоолойноос цэр салиа бусад шингэн гадагшилж чадахгүй болсноос гуурсан  хоолойн бөглөрөл үүснэ

Уушигны эдэд өөрчлөлт болно /коллаген ширхэг усгүйжиж, альвеолын тэлэгдэх уян хатан чанар алдагдах/
Цусны бага эргэлтэнд өөрчлөлт гарч, уушигны артерийн фиброз үүснэ.
Хялгасан судасны дотор хана өөрчлөгдөн өөх тос хуримтлагдсанаас судасны хана хатуурна
Уушигны цусан хангамжийн дутагдал үүснэ
Настнуудад амьсгалын эзэлхүүн, амьсгал авалт гаргалтын нөөц эзэлхүүн багасч, уушигны амьдралын багтаамж багасна.

Цусны эргэлтийн тогтолцоо
Судас хатуурч, булчингийн уян хатан чанар алдагдана
Захын судасны эсэргүүцэл ихэсч, цусны даралт ихэснэ
Судасны хүчдэлийг зохицуулах ургал мэдрэлийн төгсгөлийн бүтэц өөрчлөгдөж, медиаторуудын нийлэгжилт багасна
Зүрхний булчингийн агших чадвар багасна.
Нас дагаад агшилт, сулралтын даралт ихэсдэг
Норадреналин их ялгарсанаас артерийн судасны уян хатан чанар багасна
Дархлааны тогтолцоо
Лимфоцит 15% багасна. Энэ нь антигены эсрэг бие идэвхжиж, үүнээс болж лимфоцит багасна
Т эсийн Т-хельпер,Т-супрессор багасна
Эсрэг бие нийлэгжүүлэх үйл ажиллагаа багасна. Настай хүнд арьсны халдвараар хүндэрч болзошгүй

Дотоод шүүрэл
Глюкозд  тэсвэртэй чанар  багасна.
Инсулин их болоход стрессын нөлөө, эмийн хэрэглээ, удаан хөдөлгөөн нөлөөлнө.
Бэлгийн даавруудын дутмагшил болно
Цэвэршилтийн өөрчлөлт болно
Дулаан зохицуулгын тогтолцоо
Судас хөдөлгөх төвийн хэвийн биш байдлаас болоод дулаанд  мэдрэг чанар буурна
Биеийн  дулаан  буурах
Мэдрэхүйн тогтолцоо
Нүдэнд болорын  бүдэгшил үүснэ
Нүдний даралт ихдэх, торлогийн эмгэг, шар толбоны хатингиршил болно
Нүдний харанхуйд дасан зохицох чадвар буурна
Доргионы мэдрэхүй буурна /хөлд/
Мэдрэлийн эрхтэн тогтолцоо
Богино хугацааны ой санамж алдагдана
Хөдөлгөөний хурд багасна
Бүх төрлийн мэдрэхүйн үйл ажиллагаа багасна
Тэнцвэр буурна
Мэдрэлийн эдийн сөнөрөлтэй холбоотой /Паркинсоны/ өвчин үүснэ

Булчин араг ясны тогтолцоо
Булчингийн жин ширхгийн хэмжээ митохондрийн фермент багасна
Кальцийн алдагдлаас яс сийрэгжилт үүснэ
Үений өөрчлөлт үений тогооны зузааралт, үений шингэн багасах нь остеоартроз үүсгэх нөхцөл болно
Гиалинуроны хүчил багасна. Үений сөнөрөл  болно

Шээс бэлгийн  тогтолцоо
40 наснаас түрүү булчирхай томорно.
Шээс шавьдаглах шинж илэрнэ
Шээс дамжуулах замын үрэвсэл  болно

Monday, June 10, 2013

ТАРВАГАН ТАХЛААС СЭРГИЙЛЦГЭЭЕ



Уг өвчин нь олон улсын хөл хориот, байгалийн
голомтлог, хүн, амьтны тунгалгийн зангилаа, уушиг, арьсыг зонхилон гэмтээж, үжил
үүсгэдэг гоц аюулт халдварт өвчин юм.
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг байгалийн голомтот гоц аюулт
халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн
цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг
мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног,
хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар
хадгалагдана.
Халдвар хэрхэн дамжих вэ?
Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд
арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах
замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын
замаар халдвар дамжина.
Илрэх шинж тэмдэг
Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус
болж, нойргүйтэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх,
амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх,
ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед
суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ.
Сэргийлэлт
1. Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад
хандах
2. Нохой зууж ирсэн тарвагад хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг
агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх
3. Тарвагыг нохойгоор бариулах, хавхаар агнахыг цээрлэх
4. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх гэхдээ
халдвар тарааж болзошгүй учир өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс
татгалзах
5. Сэжигтэй өвчтөн болон эд материалтай харьцсан хүнийг тусгаарлах
6. Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлд онош тодрохоос нааш
хүрэлцэхгүй байх
7. Гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, боловсруулаагүй мах оруулахыг
8. Голомттой нутгийн хүн ам болон эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулах
шаардлагатай юм.
Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлалын Төв

Wednesday, June 5, 2013

Эмийн зохистой хэрэглээ

Эмийг зөвхөн зөв хэрэглэсэн тохиолдолд л Танд тус болж чадна.
Эмийг зөв хэрэглэхэд танд эмч, эмийн санч нар тусална.
Эмч: Таныг зөвхөн зөв оношлоод зогсохгүй, эмчлүүлэгчийн нас, биеийн онцлог, өвчний
явц, хэлбэр, үе шатанд тохирсон эмчийг сонгон бичдэг.
Эмийн санч: Таныг аюулгүй, өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй
эмээр хангах үүрэгтэй.
Эмч болон эмийн санч нь Танд олгогдож буй эмийн нэр, тун, хэрэглэх арга, эмчилгээний
хугацаанд баримталбал зохих хоол ундны болон бусад дэглэмийн талаар дэлгэрэнгүй
тайлбарлаж өгөх үүрэгтэй.
Эмийг зөв хэрэглэхэд эмч, эмийн санчаас гадна ТА ч гэсэн багагүй үүрэгтэй.
Иргэн Та:
Эрүүл мэндийн талаар мэдлэгээ дээшлүүл.
Зөвхөн эмчийн бичсэн эмийг хэрэглэ.
Дур мэдэн эм хэрэглэх нь таныг аюулд хүргэж мэднэ.
Баталгаатай газраас эм худалдан ав.
Эм хэрэглэх цагийг чанд баримтал.
Эмийг зөвхөн зааврын дагуу хэрэглэ.
Эмчилгээг дутуу орхих нь хор уршиг тарьж мэднэ.
Таны үүрэг юу вэ?
Би эмийг дур мэдэн сонгох ёсгүй.
Миний хэрэглэх эмийг зөвхөн эмч сонгож өгнө.
Би зөвхөн эмчийн үгийг сонсоно.
Би эмээ баталгаатай газраас авах ёстой.
ЭМЧЭЭС ТА ДАРААХ ЗҮЙЛСИЙГ ЗААВАЛ АСУУЖ МЭДЭЖ АВ
Эмийн зохистой хэрэглээ
- Эмийн нэр
- Хэрэглэх арга
- Хэрэглэх цаг
- Хэдий хугацаагаар хэрэглэх
- Уг эм ямар үйлчилгээ үзүүлдэг
- Ямар нэг гаж нөлөө бий эсэх
- Дахин үзүүлэх шаардлагатай эсэх
ЭМИЙН САНЧ ДЭЭР ОЧИХДОО ДАРААХ ЗҮЙЛИЙГ ЛАВЛА
- Сав баглаа шошгыг нь хянуул
- Зориулалтыг нь асуу
- Хэрхэн хэрэглэх
- Өөр эмтэй цуг ууж болох эсэх
- Юугаар даруулж уух
- Хоол ундтай хамт хэрэглэж болох эсэх
- Хэдий хугацаанд, ямар нөхцөлд хадгалах
ЭМЧ, ЭМИЙН САНЧИЙН ЗААВРЫГ ЯГШТАЛ БАРИМТАЛЖ ЭМИЙГ ЗӨВ
ХЭРЭГЛЭСНЭЭР ТАНЫ ЭДГЭРЭХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ.