Thursday, July 19, 2012

Та рашаан сувилалд амармаар байна уу тэгвэл...

    Хэрэв та рашаан сувилалд амрахыг зорьсон бол үүнийг нэг уншаад үзээрэй. Магадлан итгэмжлэгдсэн сувилалын газруудаар үйлчлүүлсэн өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд сувилуулсан зардлынхаа 50 хувийг эргүүлэн авах боломжтой аж. Мөн нийгмийн даатгалын хураамж төлдөг хүн бүр тодорхой хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

"ШАРГАЛЖУУТ" РАШААН, СУВИЛАЛ

"Шаргалжуут рашаан сувилал"-ын газар нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Хангайн нурууны өмнө хэсэгт Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойно 60 км зайд оршдог. Тус рашаан сувилал нь дэлхийд хосгүй Шаргалжуутын бүлэг рашааны орд газрыг түшиглэн байгуулагдсан ба өнөөг хүртэл 57 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Мөн байгалийн эмчилгээний хосгүй бүтээл болох Шаргалжуутын 108 төрлийн рашаан, Үүдийн нуурын анагаах шаврыг дорнын уламжлалт эмчилгээ болох бариа засал, зүү төөнүүр, аппаратын эмчилгээ болох физик эмчилгээ төрөл бүрийн усан эмчилгээ, биеийн тамир эмчилгээ зэргийг хослуулан хэрэглэж эмчлэн сэргээх үйлчилгээтэй юм.

Түүнчлэн эмчилгээ сувилгааны иж бүрэн үйлчилгээтэй эмнэлэг, амрагч сувилуулагч хүлээн авах өвөл, зуны байр, өдөрт таван удаа халуун хоол цайгаар үйлчилдэг хоол үйлдвэрлэл үйлчилгээний цех, амралт чөлөөт цагийн соёлын арга хэмжээг зохион байгуулах соёлын төвтэй. Баянхонгор аймгаас Шаргалжуут хүртэл 60 км сайжруулсан замтай. Нарийн тээлээс Шаргалжуут хүртэл 50 км сайжруулсан замаар давхиад очно. Улаанбаатараас Баянхонгор аймгийн төв рүү "Изинис"-ийн онгоц долоо хоногт гурван удаа ирж очдог аж.

Тус рашаан сувилал нь 400 ортой, Магадлан итгэмжлэгдсэн улсын үйлчилгээтэй сувиллын нэг юм. Эмчилгээ сувилгаа, байр буудал, хоол, үзвэр үйлчилгээ гээд цогц үйлчилгээ үзүүлдэг. Үнэ төлбөрт бүх үйлчилгээ ордог учир багцын үнэ тарифаар үйлчилдэг. Люкс өрөө хоногийн 47500, хагас люкс өрөө 36500, дамждаг өрөө 31500 төгрөгийн үнэтэй. Энгийн өрөө бол 28500, дэнжид байдаг байр 26000 төгрөг бол гэр, зуны байр нь 23500 төгрөг аж. Хоногийн багцын үнэд байрнаас гадна таван удаагийн хоол, эмчилгээ багтдаг. Хүүхдийн хувьд өрөөнөөсөө хамааран ортой бол 17700-30000, оргүй бол хоногийн 14700-16200 төгрөг аж.

Хэрвээ Эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон илгээх хуудасгүй бол нэг хүний хоногийн төлбөр дээр 7000 төгрөг нэмэгдэх юм билээ.

Холбоо барих утас: 70153032, 70153034, 94099992, 95829918

"АВАРГА ТОСОН" РАШААН, СУВИЛАЛЫН ГАЗАР

Тус рашаан, сувилал нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт оршдог. Улаанбаатар хотоос 230 км засмал замаар яваад, Жаргалтхаан сумаас 40 км сайжруулсан шороон замаар явж хүрэх юм.

"Аварга тосон"-гийн рашаан, шаврыг арьсны харшилд сайн гэлцдэг. Түүнчлэн мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг, хоол шингээх эрхтэн, яс булчин, үе холбох нэхдэсийн эмгэгүүдийг тус сувилалд эмчилдэг байна. Мөн үе мөчний архаг үрэвсэл, гэмтэл бэртлийн дараах үед ч аварга тосонгийн эмчилгээ үр дүнтэй байдаг аж.

Харин зүрх судасны дутагдалтай, хордлогот бамбай, бөөрний дутагдал, хорт хавдар, сэтгэл мэдрэлийн өвчтэй, халдварт өвчтэй хүмүүст үйлчлэх боломжгүй гэдгээ хэлж байсан юм. Мөн жирэмсэн эмэгтэй, бөөрний хурц үрэвсэлтэй болон сүрьеэ өвчтэй хүмүүсийг эмчлэхийг хориглодог юм байна.

"Аварга тосон"-гийн рашаан, сувилалд бүртгүүлэх бол та Баянзүрх дүүрэгт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ойролцоо "Хангарьд" төвийн гурван давхарт очиж бүртгүүлээрэй.

Үнэ тарифийн хувьд өрөөнийхөө тохь тухаас хамаарч янз бүр байдаг гэнэ. Тодруулбал зочид буудлын люкс өрөө хоногийн 100 мянга, хагас люкс өрөө нь 80 мянган төгрөг байх юм. Харин дүнзэн байрны люкс өрөөнд байрлах бол хоногийн 49800 төгрөг бол жирийн байрны люкс өрөө нь 41800 төгрөгийн үнэтэй байв. Хагас люкс өрөө сонгох бол хоногт 32800 төгрөг төлнө. Дээрх өрөөнүүд хоёр ортой.

Харин 2-4 ортой зочны байр нэг хүний 27800, 4-5 ортой энгийн өрөө 23.800 төгрөгийн үнэтэй аж. Зочны гэр 26800, энгийн гэрт 23,800 төгрөг төлөөд амарч болох юм байна. Хоёр нас хүртэлх хүүхэд хоногийн 5000 төгрөгийн хоолны мөнгө төлөөд аав, ээжтэйгээ хамт амрах боломжтой гэнэ. Харин 2-12 хүртэлх насны хүүхдүүд ор авахгүй бол өрөөний зэрэглэлээс хамаараад хоногийн 12800-15800, ортой бол 12800-38800 төгрөг төлнө.

Тухайлбал, халуун шавар, рашаан нууранд орох, рашаан уух, бариа засал, биеийн тамирын эмчилгээ, татлага, физик эмчилгээ, зүү төөнүүр, чийрэгжүүлэх фитнесс эмчилгээ үзүүлдэг аж.
"Аварга тосон"-гийн рашаан, сувилал руу Захиалгын төвөөс мягмар, пүрэв, бямба гаригуудад автобус явдаг. Сувилалын автобусаар явах бол ирж очихын 30 мянган төгрөгийн зардал төлөх аж.

Тус сувилалд амрахыг хүсвэл: 70153033, 99098060 дугаарын утсанд холбогдоорой.

"ХУЖИРТ" РАШААН, СУВИЛАЛ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлах тус сувилал нь Улаанбаатараас 380 км-т оршдог. Онцлог нь хотоос энэ сувилалын газар хүртэл тасралтгүй засмал замаар давхисаар очдог байна. Мөн интернэт, утасны сүлжээтэй гэдгээрээ онцлогтой аж. Үргэлжийн ачаалал ихтэй байдаг уг рашаан сувилалын газар нь одоо ч ачаалал ихтэй хэвээр гэнэ.

Тиймээс ирэх сард амрах хүсэлтэй хүн ирэх долоо хоногт амжиж захиалгын хуудсаа авах хэрэгтэй гэнэ. Тэгэхдээ өрхийнхөө эмнэлгээс илгээх хуудас авч ирэх ёстой гэж байв. Автобусны билет нэг талдаа 18 мянган төгрөгийн үнэтэй. Даваа, лхагва, баасан гарагуудад автобус явдаг аж.

Харин үйлчилгээний үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаарч хоногийн 20-50 мянган төгрөгийн үнэтэй. Хүүхэд 10-35 мянган төгрөгийн зардалтай байх гэнэ. Үйлчилгээндээ физик, рашаан, шавар, усан эмчилгээнүүд нь багтана. Мөн өдрийн таван хоолтой юм байна.

Ходоод, үе мөч, мэдрэл, гэмтлийн дараах эмчилгээнд Хужиртын рашаан өндөр үр дүнтэй хэмээн амрагчид ам сайтай байгаа аж.

Холбоо барих утас: 98100090

No comments:

Post a Comment