Saturday, May 5, 2012

Эрүүл хүүхэд аяны хүрээнд шүдийг үнэ төлбөргүй эмчилнэ

                        Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн харьяа Нүүр ам судлалын       сургуулийн дэргэд Шүд эрүү нүүрний эмнэлэг байгуулагдлаа. Тус эмнэлэгт “Эрүүл хүүхэд” аяны үзлэгийн хүрээнд илэрсэн шүд цоорох өвчтэй хүүхдүүдийг эцэг эхээс нь зардал гаргалгүйгээр эмчлэх арга хэмжээг нээлээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар оролцож, ЭМШУИС-ийн НАСС нь орчин үеийн олон улсын стандартад хүрсэн төвшинд үйл ажиллагаагаа явуулж байгааг сайшаагаад, “Эрүүл хүүхэд” аяныг дэмжин хамтарч ажиллах болсонд талархал илэрхийлж, амжилт хүсэв. Монгол Улсын Засгийн газраас 18 хүртэлх насны бүх хүүхдээ эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулахаар шийдвэр гаргаж, “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 974 433 хүүхэд үзлэгт хамрагдахаас 582 367 хүүхэд буюу 59,8 хувь нь хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн дунд амны хөндийн өвчин ялангуяа шүд цоорох өвчин их байгаа тул шүдийг эрүүлжүүлэх эмчилгээ хийхэд хот, хөдөөгийн эмч нарыг мэргэжлийн удирдлага, аргазүйгээр хангах зайлшгүй шаардлагатай байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Иймд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар “Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд цооролтын тархалтыг зогсоох чиглэлээр хийгдэх оношлогоо, эмчилгээний асуудлыг улсын хэмжээнд мэргэжил арга зүйгээр хангаж, хяналт тавих чиг үүрэг бүхий мэргэжлийн баг”-ийг томилсон тушаалыг өнгөрсөн сарын 27-ны өдөр гаргасан байна. Мэргэжил арга зүйгээр хангах ажлыг ЭМЯ-ны Нүүр ам судлалын салбар зөвлөл, ЭМШУИС, Шүдний бизнес эрхлэгчдийн холбоо оролцож, шүд цооролтын тархалтыг зогсоохын тулд сийлант, сафорайд зэргийг хэрхэн хэрэглэх талаар шүдний эмч нарт сургалт хийх ажээ. Тус эмнэлэг амны хөндийн эрүүл мэндийн бүх төрлийн эмчилгээг иргэдэд үзүүлэх бөгөөд эхний ээлжинд “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд шүдний өвчлөлтэй илэрсэн
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим хороодын 18 хүртэлх насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх ажлыг хийх аж. Ингэхдээ “Эрүүл хүүхэд” аянд хамрагдсан эмнэлгийн шар хуудсаа тус эмнэлэгт авч очин үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэх юм. Орчин үеийн эмнэлгийн стандарт, шаардлагыг бүрэн хангасан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй тус эмнэлэг нь мэс заслын 10, эмчилгээний 50 ортой, өдөртөө 50 хүүхэд хүлээн  авч байгаа ба цаашид өдөрт 300 хүртэлх хүүхдэд эмчилгээ хийдэг болох юм байна.
Жич: Иргэн та 0-5 насны хүүхдээ энэхүү аянд заавал хамруулаарай. Аян дуусахад богино хугацаа үлдээд байна.

No comments:

Post a Comment